Хөнгөн атлетик: IAAF Оросын эсрэг хоригоо сунгав

1226

Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос ОХУ-ын хөнгөн атлетикийн холбооны эсрэг хориг тавиад гурван жилийн нүүр үзэж буй. Допингийг дэмжсэн гэдгээр 2015 оны арваннэгдүгээр сараас арга хэмжээ авч буй бөгөөд энэ хугацааг сунгахаар төлөвлөж байгаа аж.

IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны Удирдах зөвлөлөөс 2019 оныг дуустал ОХУ-ын эсрэг хоригоо үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дараагийн Удирдах зөвлөлийн хурлаар Оросын эсрэг хоригийн талаар дахин хэлэлцэх бололтой. Хэрвээ маргааш өндөрлөх Удирдах зөвлөлийн хурлаар оросууд эрхээ сэргээж чадахгүй бол ирэх хоёрдугаар сард болох Европын АШТ-д тус улсын тамирчид Оросын нэр дээр оролцох боломжгүй болно. Дараагийн Удирдах зөвлөлийн хурал ирэх оны гуравдугаар сард болох юм.

Түүнчлэн IAAF 2023 оны хөнгөн атлетикийн ДАШТ-ийг зохион байгуулах улсыг зарлав. 2019 оны ДАШТ Катарын Дохад, харин 2021 оных АНУ-ын Южин хотод болох юм. Харин 2023 оны ДАШТ-ийг Унгарын Будапешт хотод зохион байгуулах шийдвэр гаргажээ.