Г.Угалзцэцэг гавьяат тамирчин боллоо

1347

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн тунхагласны баярын өдрийг тохиолдуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарим хүнд төрийн дээд одон медаль олголоо.

Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдгээр бодибилдинг, фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга Гамбагаагийн Угалзцэцэгийг шагнав. Тэрбээр Монголын бодибилдинг, фитнессийн холбоо болон “Champ” фитнесс клубийн тамирчин юм.

Г.Угалзцэцэг өнгөрсөн аравдугаар сард Энэтхэг улсад болсон 52 дахь удаагийн Азийн АШТ-ээс гурав дахь алт, энэ сарын 6-нд Тайланд улсад болсон 10 дахь удаагийн ДАШТ-ээс хошой алтан медаль хүртэж, дэлхийгээс нийт дөрвөн алттай болсон билээ.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уугуул, өдгөө 37 настай Г.Угалзцэцэг өнгөрсөн жил бодибилдингийн төрлөөр дэлхийн аварга болсон анхны эмэгтэй тамирчин болж байв.