Дэлхийн хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, өдгөө чөлөөт бөхийн багш дасгалжуулагчаар ажиллаж буй Оюунбилэгийн Пүрэвбаатар энэ оноос БНХАУ-д мэргэжилтнээр ажиллахаар болжээ.
Их спортоо орхиод “Олимп” сургуульд багшилж, олон шавь нартай болсон О.Пүрэвбаатар гавьяат БНХАУ-ын Ганьсү мужийн Ланьжоү хотод мэргэжилтнээр уригдсан аж.
Түүний шавь нараас дэлхийн медальтнууд төрсөн гэдгийг спорт сонирхогчид андахгүй. ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номин, өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэлтэй Т.Түвшинтулга гээд олон сайн шавьтай болсон юм.
О.Пүрэвбаатар 2012 онд “Нийслэл Таймс” сонинд ярилцлага өгөхдөө гадаадад ажиллах санал олон ирдэг талаараа ярьж байв.
-Бас нөлөө бүхий тамирчдад гаднаас ажлын санал ирэх нь олонтаа. Танд ажлын санал ирж байсан гэж сонссон?
-Мэргэжлийн багшаар ирж ажиллаач, цалин өндөртэй гэсэн санал ирдэг. Гэтэл хэрвээ би гадны оронд очиж ажиллалаа гэхэд миний бэлдсэн тамирчид сайн болоод Монголын тамирчдыг ялаад байвал надад ямар байхав гэдэг нь өөрөө хэцүү асуулт болж гарч ирж байгаа. Тийм учраас би гадаадад гарч ажиллахыг хүсдэггүй. Яахав би өөрийнхөө амьдралыг дээшлүүлэх гэж хувийн эрх ашгаа бодоод явбал яваад л өгнө. Гэвч надад тийм бодол байхгүй. Тийм учраас ид дасгалжуулагч байгаа үедээ тамирчидтайгаа хамт байя. Магадгүй нас яваад ирэхээр цалингийн төлөө, нэр хүндээрээ тэнд байж болох юм.
“Нийслэл Таймс”-т өгсөн ярилцлагаас…
Уг ярилцлагыг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл энд дарна уу-
Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдаас Ц.Цогтбаяр БНХАУ-ын Өвөрмонголын Хөх хотод дасгалжуулагчаар ажиллаж байгаа билээ.