Бокс: Б.Чинзориг, Э.Цэндбаатар нар азийн шигшээд багтлаа

1920

Манай улсын шилдэг боксчид болох Азийн наадмын аварга Э.Цэндбаатар, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг нар ирэх хоёрдугаар сарын 2-нд Чехийн Прага хотод болох Ази-Европ тивийн халз тулаанд оролцохоор болжээ.

Энэ талаарх мэдээллийг Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан өөрийн цахим хуудсандаа бичсэн юм.

Одоогоор Ази-Европын шигшээ багийн бүрэлдэхүүнд ямар боксчид орсон нь тодорхойгүй байна. Манай боксчид халз тулаанаа дуусгаад шигшээ багийнхаа хамтаар Унгар, Болгар улсад болох Олон улсын тэмцээнд оролцохоор төлөвлөсөн. Тодруулбал, хоёрдугаар сарын 5-10-нд Унгарт болох “Бочкай Иштван”-ы нэрэмжит 63 дахь удаагийн Олон улсын тэмцээнд, үүний дараа хоёрдугаар сарын 13-20-нд Болгарын Софи хотноо болох “Странжа” Олон улсын тэмцээнд оролцох аж.

Эрдэнэбатын Цэндбаатар

Эрдэнэбатын Цэндбаатар 1996 оны аравдугаар сарын 16-нд төрсөн. Риогийн олимпийн 56 кг-д эх орноо төлөөлөн оролцож байв. Өнгөрсөн онд Азийн наадмын 60 кг-д түрүүлж, “Бөртэ чоно 2018”-ын эзэн болсон юм. Тэрбээр өнгөрсөн жил Болгарын Софи хотод болсон “Странжа” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн билээ.

Баатарсүхийн Чинзориг

Баатарсүхийн Чинзориг 1991 оны есдүгээр сарын 21-нд төрсөн. Риогийн олимпийн 64 кг-д эх орноо төлөөлөн өрсөлдсөн. Өнгөрсөн оны Азийн наадмын 64 кг-д мөнгө, 2017 оны тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн туршлагатай. Энэ жилийн УАШТ-д 64 кг жингийн аваргын төлөө Э.Цэндбаатарыг ялж, түрүүлээд зогсохгүй тэмцээний шилдэг тамирчнаар тодорсон билээ.