Жүдо: Бүх Японы аварга Кайхан Такаги Австралийн нэр дээр барилдах боллоо

2064

Жүдогийн эх орон Японд дотоодын өрсөлдөөн ширүүн өрнөдөг. Авьяастай боловч хэн нэгэн сайн бөхчүүдийн дороос гарч чадахгүй байгаа зарим бөхчүүд өөр улсын иргэншилтэй болох нь түгээмэл болжээ.

Цагтаа Бүх Японы аварга болж байсан Кайхан Такаги Австралийн нэр дээр барилдаж эхэллээ. -100 кг-д хүч үздэг япон эр Кодокан цом (2014), Бүх Японы аварга (2015), Азийн аварга (2015) болж гялалзаж байсан цаг бий. Гэвч түүнээс хойш амжилт нь тогтворгүй болсон юм.

Япон аав, австрали ээжтэй Кайхан Такаги 1990 онд Австралид төржээ. Гэхдээ сайн жүдоч болохын тулд Японд бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд олон улсын тэмцээнд Японы нэр дээр барилдаж байсан юм. Тэрбээр Израильд болж буй Тел-Авивын Гранпри тэмцээнд Австралийн нэр дээр анх удаа зодоглохоор очсон аж. Хэдийгээр Австралийн нэр дээр барилдаж байгаа ч К.Такаги Токиод амьдарч, тэндээ бэлтгэлээ хийдэг гэнэ.