Рафаэль Надалийн бахдам амжилт

1417

Францын нээлттэй тэмцээнд Испанийн Рафаэль Надаль 12 дахь түрүүгээ авч, рекордоо нэгээр ахиулав.

Испанийн нэрт теннисчин Рафаэль Надалийг шороон талбайн хаан гэж хочилдог. Өнөөдөр тэр энэ нэрээ дахин нэг нотлон харуулж, Парист болсон Францын нээлттэй тэмцээнд Австрийн теннисчин Доминик Тимийг 6:3, 5:7, 6:1, 6:1-ээр хялбархан буулган авснаар “Ролан Гаррос”-т 12, нийт 18 Их Дуулгын түрүүтэй боллоо.

Р.Надаль Их Дуулгын түүхэнд 12 түрүүлсэн нь өмнө нь хэний ч үзүүлж байгаагүй дээд амжилт юм. Үүнээс гадна тэрбээр Монте Карло, Барселона зэрэг шороон талбайд болдог тэмцээнд 11 түрүүлээд байсан билээ. Харин Их Дуулга тэмцээнд 18 түрүүтэй болсноор Швейцарийн Рожер Федерерийг гүйцэхэд гуравхан даваа үлдлээ.

Рафаэль Надаль 12 дахь түрүүгээ авлаа

Р.Надаль 33 насандаа Ролан Гаррост түрүүлсэн нь 1972 онд 34 насандаа энэ амжилтыг үзүүлсэн Андрес Гимено болон 33 насандаа Кэн Роузволл (1968 он) нарын дараа орж байна.

Түүнчлэн шороон талбайн Их Дуулгад Р.Надаль 93 ялж, хоёрхон удаа хожигдсон үзүүлэлттэй боллоо.

Их Дуулгад хамгийн олон түрүүлсэн тамирчдын жагсаалт (эрэгтэй)

  1. Рожер Федерер – 20
  2. Рафаэль Надаль – 18
  3. Новак Жокович – 15
  4. Пете Сампрас – 14