Жүдо бөхийн Ташкентийн Гранпри тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д зодоглосон Б.Хорлоодой мөнгөн медаль хүртлээ.
Энэ удаагийн Ташкентийн Гранпри тэмцээнд 71 орны 423 жүдоч бүртгүүлсэн нь рекорд үзүүлэлт юм. Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд, 66 кг-д Д.Төмөрхүлэг, 81 кг-д Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, 63 кг-д Б.Баасанжаргал, -70 кг-д Ц.Батцэцэг нар зодоглохоор нэрээ өгсөн юм.
Өнөөдөр дэвжээнд гарсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой мөнгөн медаль хүртлээ. “С” хэсэгт багтсан манай жүдоч эхний тойрогт Казахстаны Нурсулу Ералиеваг, дараагийн даваанд Азербайжаны Гултаж Маммадалиеваг буулган авч, хэсгийн аваргын төлөө Израилийн Гефен Примог ялсан. Улмаар хагас шигшээд Мароккогийн Соумия Ирауйг буулгаж авснаар алтан медалийн төлөө Риогийн олимпийн мөнгөн медальт БНСУ-ын Бок Ён Жёнтой хүч үзлээ.
Б.Хорлоодой өмнө нь Их Дуулга, Гранпри зэрэг цуврал тэмцээнээс нэг хүрэл медаль хүртсэн амжилттай. Харин анх удаа Ташкентийн дэвжээнд финалдаж, мөнгөн медаль хүртлээ.