Талбайн теннисийн дөрвөн их дуулгын нэг Австралийн нээлттэй тэмцээн удахгүй эхэлнэ. Харамсалтай нь, Австралид ид түймрийн гал дүрэлзэж, зарим хотод их утаатай байгаа нь тамирчдад асуудал болж эхэлжээ.
Австралийн нээлттэй тэмцээнд оролцох эрх авахаар урьдчилсан шатанд учраа таарсан теннисчдийн бие муудаж, завсарлага авахад хүрчээ. Тодруулбал, Словенийн эмэгтэй теннисчин Далила Якупович талбай дээр ухаан алдах дөхөж, эмчийн тусламж авсан гэнэ.
Д.Якупович амьсгалын замын ямар нэг ужиг өвчингүй. Тиймээс бие нь муудсан шалтгааныг агаарын бохирдолтой холбосон аж.
Утаанаас болоод эмчийн тусламж авсан теннисчин Д.Якуповичоор зогсохгүй. Канадын теннисчин Эжени Бушар нэг бус удаа эмчийн тусламж авахаар завсарлага захиалсан байна.
Утааны улмаас агаар бохирдолтой байсан тул тэмцээнийг зохион байгуулагчид төлөвлөсөн цагаасаа цаг хагасын дараа урьдчилсан шатны тэмцээнийг эхлүүлсэн билээ.