Корона вирус: Токиогийн марафонд сонирхогчид оролцохгүй

803

БНХАУ-д гарсан шинэ корона вирусын улмаас спортын олон арга хэмжээ цуцлагдсан. Тэгвэл ирэх сард болох Токиогийн марафонд зөвхөн шилдгүүд л уралдах болжээ.

Ирэх гуравдугаар сарын 1-нд болох Токиогийн марафонд сонирхогчид оролцохгүй гэдгийг зохион байгуулагчид зарлав. Өнгөрсөн жил гэхэд энэ марафонд 37 мянган хүн бүртгүүлж байсан түүхтэй. Тэгвэл шар тивийг айлгаж буй “титэм” вирусын буянаар зохион байгуулагчид олон нийтийг хамруулах боломжгүй болсноо мэдэгдлээ.

Энэ жил бүртгүүлсэн гүйгчдийн хураамжыг буцаан олгохгүй гэдгээ ч зохион байгуулагчид зарлав. Гэхдээ тэд бүгд ирэх жилийн тэмцээнд оролцох эрх нь нээлттэй байх аж.

Токиогийн марафон бол дэлхийд томоохонд тооцогддог зургаан марафон уралдааны нэг юм.

Корона вирусын халдварыг 71 мянган хүн тусч, 1200 шахам хүн нас барсан. Одоогоор Японд гэхэд 400 гаруй хүн корона вирус туссан гэж бүртгэгдээд байгаа билээ.

Өнгөрсөн долоо хоногт Токиогийн олимпыг зохион байгуулах хорооны дарга Тоширо Мүто олимпыг цуцлах болон хойшлуулах асуудал одоогоор яригдаагүй гэж мэдэгдсэн. Зохион байгуулагчид олимпоос өмнө вирусын тархалт намжина гэж үзэж байгаа юм.