Жүдо: Косовочууд олимпын анхны аваргадаа хөшөө босголоо

1819

Косовогийн олимпын анхны аварга Малинда Келмендид зориулсан хөшөөг түүний төрөлх хотод нь босгожээ.

Косовогийн нийслэл Приштинагаас баруун зүгт 80 орчим километрийн зайд орших Печ хотод нэрт жүдочийн хүрэл хөшөөг сүндэрлүүлсэн юм. Косовогийн жүдо бөхийн холбооны санаачилгаар Нью Йорк хотод баримал хийдэг бүтээлчдээр хийлгэсэн уг хүрэл хөшөөний нийт үнэ нь 200 мянган евро болсон аж.

Өдгөө 30 настай М.Келменди Риогийн олимпод түрүүлж, косовочуудаас анхны олимпын аварга болж байв. Тэрбээр 2009 онд Чехийн Праг хотод болсон Европын тэмцээнээс хүрэл медаль зүүснээс хойш 40 гаруй тэмцээнээс медаль хүртсэн билээ.

М.Келмендиг 2019 оны шилдэг тамирчнаар зарласных нь дараагийн өдөр түүний хөшөөний нээлтийн ажиллагаа болжээ. Уг ёслолд Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визарь оролцов.