Мэргэжлийн сүмод Дайшёочи нэрээр барилдаж байсан У.Бямбажав өөд болжээ.
Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга (2006, 2007), мэргэжлийн сүмод Дайчёочи нэрээр барилдаж байсан Уламбаярын Бямбажав таалал төгслөө.
У.Бямбажав 2001 оноос мэргэжлийн сүмод элсэж, 2005 он хүртэл барилдахдаа макүшитагийн №15 руу дэвшиж байв. Тэрбээр анхны башёдоо жонокүчи зиндаанд түрүүлж байсан юм.
Гэмтлийн улмаас 20 насандаа мэргэжлийн сүмог орхиж, сонирхогчдын сүмогоор дагнах болсон тэрбээр АНУ-д амьдарч, телевизийн цувралд дүр бүтээж, зар сурталчилгаанд хүртэл дүрээ мөнхөлсөн билээ.
Талийгаач Японы “Subaru” автомашины нүүр царайгаар тодорч байсан юм. Зодог тайлснаасаа хойш гэр бүлийн хамт АНУ-д ажиллаж, амьдрах болсон тэрбээр 2007 онд олны хүртээл болсон “Ocean’s Thirteen” кинонд дүрээ мөнхөлсөн. Түүнээс хойш Бямбаа нэрээрээ олон бүтээлд ажиллаж байв.
Ум сайн амгалан болтугай.