Японы Засгийн газар, ОУОХ-ноос олимпыг хойшлуулах тал дээр санал нэгдэв

1262

Цар тахлын улмаас ирэх долдугаар сарын 24-нд нээлтээ хийх ёстой байсан олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах саналыг дэмжлээ.

Японы ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр ОУОХ-ны тэргүүн Томас Бахтай утсаар ярьж, олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах санал тавьсан бөгөөд Т.Бах ч энэ саналыг 100% хүлээн зөвшөөрчээ.

Ийнхүү олимпыг зохион байгуулж эхэлсэн 124 жилийн хугацаанд анх удаа олимпыг хойшлуулах нь тодорхой боллоо. Өмнө нь дэлхийн I, II дайны улмаас олимпыг цуцалж байсан түүхтэй. Гэхдээ ингэж хойшлуулж байсан удаагүй.

Одоо ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, “Токио 2020”-ыг хэзээ зохион байгуулахыг шийдэх болно.

1940 оны Токиогийн олимп цуцлагдаж байв

Сонирхуулахад, 1940 онд Японы Токиод олимп зохион байгуулахаар төлөвлөсөн ч дэлхийн II дайны улмаас цуцлагдсан билээ.