Дуулиан: “Токио 2020” нэрийг нь хэвээр үлдээнэ

2212

Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар өнөөдөр утсаар холбогдож, Covid – 19 вирусын улмаас үүссэн нөхцөл байдлын талаар ярилцсан юм. Тэд “Токио 2020”-ыг хойшлуулах саналд нэгдсэн билээ.

Уг видео хуралд “Токио 2020”-ыг зохион байгуулах хорооны дарга Мори Ёширо, Японы Олимпын сайд Хашимото Сэйко, Токио хотын захирагч Койке Юрико, ОУОХ-ны Зохицуулах хорооны дарга Жон Коатес, ОУОХ-ны ерөнхий захирал Кристоф де Кеппер мөн ОУОХ-ны Гүйцэтгэх захирал Кристоф Дуби нар оролцсон юм.

ОУОХ-ны зүгээс цар тахлын үеэр авч буй Японы Засгийн газар магтууштай ажиллаж байгааг онцолсон аж. Гэвч цар тахлын тархац бусад улс орнуудад сөргөөр нөлөөлж байгаа нь олимп болон бусад тэмцээн зохион байгуулах явцад сөргөөр нөлөөлж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн. Өчигдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) тэргүүн Тедрос Адханом Гебрейсус цаашид ч тахал хурдацтай тархах байдал ажиглагдаж байгааг мэдэгдсэн.

Өнөөгийн нөхцөл болон ДЭМБ-аас өгсөн мэдээллийг үндэслэж, ОУОХ-ны тэргүүн Томас Бах, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар харилцан тохиролцож, “Токио 2020”-ын товыг хойшлуулахаар болсон юм. Одоогоор яг хэдий хүртэл хойшлуулсан нь тодорхой бус байгаа боловч 2021 оны зун хүртэл хойшлуулах боломжтой гэж үзэж байна. Тахал намжсаны дараа хоёр тал хуралдаад эцсийн хугацааг дахин товлох аж.

Дэлхий даяар тахалтай тэмцэж буй энэ цаг үед Токиогийн олимп хүмүүсийн итгэл найдварын дөл болж буй учраас олимпын бамбарыг Японд үлдээх, цаашлаад “Токио 2020” нэрээр нь зохион байгуулахаар хоёр тал тохиролцжээ.