Зэвсэгт хүчний 97 жилийн ойд зориулсан барилдаанд О.Хангай түрүүлэв

1452

Зэвсэгт хүчний 97 жилийн ойн барилдаанд 256 бөх зодоглож, Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага Оргихын Хангай анх удаа түрүүллээ. Үзүүрт улсын аварга Ч.Санжаадамба, их шөвөгт  улсын гарьд Б.Гончигдамба, улсын начин Д.Анар нар үлдсэн юм.

О.Хангай харцага аварга Ч.Санжаадамба хоёр 2014 оноос хойш нийт зургаан удаа хоорондоо таарч, үүнээс дөрөвт нь О.Хангай давжээ. Тодруулбал, анх 2014 оны Цагаан сарын барилдааны долоогийн даваанд тухайн үед аймгийн арслан цолтой О.Хангай улсын заан Ч.Санжаадамбыг хаяж байсан бол сарын дараа “Монгол даатгал” компанийн 80 жилийн ойд зориулсан барилдааны долоогийн даваанд мөн л учраа таарч, О.Хангай өрсөлдөгчөө давж байв.

Улмаар 2015 онд “Нисэх хүчний 90 жилийн ойд” зориулсан барилдааны дөрвийн даваанд оноолт таарч, Ховдын бөх гурав дараалан давсан билээ. Харин 2016 онд болсон “Хантайшир дэвжээний 15 жилийн ойн” барилдаан, 2017 онд Сар шинийн барилдааны үзүүр түрүүнд тус бүр аварга Ч.Санжаадамба цол дутуу өрсөлдөгчөө илүүрхэж байжээ. Харин сүүлийн барилдаанд О.Хангай харцага давлаа.