Танилц: Т.Ариунболдын өрсөлдөгч Алиан Нгалани

1661

Азийн тулааны спортын томоохон холбоо болох “One Championship”-т манай тамирчин Төр-Очирын Ариунболд тулалдахаар болсон билээ. Энэ сарын 24-нд буюу ирэх бямба гаригт эхний тулаанаа хийх манай тамирчны өрсөлдөгч нь Камерун гаралтай Хонконгийн тамирчин Алиан Нгалани юм. Муай Тай боксын дэлхийн дөрвөн удаагийн аварга, кикбоксчин байсан А.Нгалани анх жүдогоор хичээллэж байв. Хожим Хонконг руу цагаачилж, тэндээ амьдрах болсноор жүдогоо тулааны урлагаар сольсон юм. Манай тамирчнаас 14 насаар ах өдгөө 42 настай энэ эр кикбоксын 35 тулаанд оролцож, үүнээс 25-д нь өрсөлдөгчөө ялж, долоон удаа хожигдсон байна.

Харин 2013 оноос холимог тулаанаар өрсөлдөх болж, одоогоор найман тулаан хийснээс дөрөвт нь ялалт байгуулжээ. Үүнээс гурвыг нь эхний 30 секундэд өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулсан юм.

Ирвэс хочит А.Нгалани кюкүшин болон жүдогийн хар бүстэй, жиү жицү барилдааны цэнхэр бүстэй тулаанч юм.

Ирэх бямба гаригт ONE CHAMPIONSHIP холбооны 11 тулаан болно. Бразилын Бибиано Фернандес, Австралийн Мартин Нгейн нар бүсийн төлөө тулалдана. Харин манай тамирчин гурав дахь тулаанаар “зодолдох” аж.

Т.Ариунболдын хувьд 2015 онд Монголд зохион байгуулагдсан “MGL-1” тулаанаар Г.Төмөрхуягийг шүүгчдийн саналаар ялж байв.