Үндэсний бөх: Э.Оюунболдын ДОПИНГ тойрсон бүх мэдээлэл

1554

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцлээ.  

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 9 даван түрүүлсэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболдоос дөрвөн төрлийн допингийн бодис илэрсэн билээ.

Улмаар баяр наадмыг зохион байгуулах хорооноос Э.Оюунболдын улсын аварга цолыг хурааж, хоёр жилээр барилдах эрхийг нь хасах хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг Э.Оюунболд эсэргүүцэн шүүхэд хандсан юм.


Цаг хугацаа

2019.VII.12

Үндэсний их баяр наадамд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат улсын аварга Н.Батсуурь үзүүрлэв. Түрүүлсэн Э.Оюунболд улсын аварга цол хүртэв.

2019.VIII.12

Баяр наадмыг зохион байгуулах бөхийн салбар хорооноос улсын наадамд шөвгөрсөн 16 бөхийн хоёроос нь допинг илэрсэн талаар зарлав.

2019.VIII.12-13

Допинг илэрсэнтэй холбоотойгоор өөрт нь мэдэгдэл ирсэн гэх нэр бүхий 14 бөх цахим сүлжээгээр дамжуулан допинг илрээгүй хэмээн мэдэгдэл хийлээ. Шинэ аварга Э.Оюунболд, шинэ начин Ж.Ням-Эрдэнэ нар мэдэгдэл хийгээгүй. Харин маргааш нь Ж.Ням-Эрдэнэ мэдэгдэл хийсэн юм.

2019.VIII.17

Э.Оюунболд допингтой холбоотой асуудлаар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэл хийв. Ингэхдээ түүнийг хорлосон гэх утгатай тайлбар өгчээ.

2020.IV.10

Мэдээллийн zarig.mn сайт дээр Э.Оюунболдын допинг хэрэглэснийг батлах хувийн чатыг ил болгов. Түүнийг өөрийн багш н.Баттогтохтойгоо чатласан баримтыг олон нийтэд дэлгэсэн бөгөөд чөлөөт бөхийн дасгалжуулагч Д.Батнямын удирдлага дор хичээллэж байхдаа допинг хэрэглэсэн гэнэ.

2019.X.24

Бөхийн салбар хорооноос допинг хэрэглэсэн хэмээн Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нарын цолыг хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хасах тогтоолыг Монгол УЛсын Ерөнхийлөгчид өргөн барихаар шийдвэрлэв.

2020.VI.17

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд Э.Оюунболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

2020.VII.21

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсэгт “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” гэснийг “1 жилийн хугацаагаар хасах” болгон өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн юм.

2020.XI.02

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын 2 дахь заалт буюу Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Э.Оюунболд аварга цолоо хураалгана

Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан тул Ерөнхийлөгчид очих ёстой тогтоол эзэндээ хүрвэл шинээр зарлиг гаргана.

Ингэснээр түүнд унасан дараах бөхчүүд шинээр цол ахих юм.

  • Улсын начин Н.Мустафа өсөх идэр чимэг
  • Улсын начин Б.Цэдэнсодном Монгол Улсын харцага
  • Улсын харцага Д.Анар Монгол Улсын заан
  • Улсын арслан Ц.Содномдорж Үлэмж бадрах чимэг
  • Улсын аварга Н.Батсуурь Монгол Улсын Даян Аварга