Кевин Лав: Хүн бүр хэцүү үеийг туулж байгаа

1413

11 сарын 05-нд, Хокстой хийсэн тоглолтын завсарлагаанаар би гэнэтийн сандралд орсон.
Гэнэтхэн л зүрх дэлсэж, дотор муухайрч, гар салгалаад эхэлсэн.

Өмнө нь би хэзээ ч ийм байдалд орж байгаагүй. Бодитоор ийм зүйл болоод байгаа эсэхийг ч мэдэхгүй байлаа. Гэхдээ үнэхээр бодит зүйл байсан. Яг л гараа тулгаж, хөмсгөө сэтэлж, хөлөө хугалсантай адил. 

Тэр өдрөөс хойш сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх бодол маань орвонгоороо өөрчлөгдсөн юм.

Бусдад өөрийнхөө тухай ярихдаа би тийм ч дуртай биш. Өдий 29 наслахдаа хувийн амьдрал, дотоод ертөнцөө хана хэрмээр тусгаарлаж, нууцалсаар ирсэн. Сагсан бөмбөгийн талаар ярилцах надад асуудал биш. Хэнтэй ч хэдэн ч цагаар буу халж чадна. Харин хувийн зүйлсийн талаар би тийм нээлттэй ний нуугүй байж чаддаггүй. Үргэлж л ийм байсаар ирсэн. Одоо эргээд харахад энэ тухайгаа ярилцаж илэн далангүй байсан бол дээр байждээ гэж харамсдаг юм. Даанч би дотоод сэтгэл, зовнил түгшүүрээ хэзээ ч хэнтэй ч хуваалцаагүй. Гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, ойр дотнынхоо хэнтэй ч. 

Тэгээд үүнийгээ өөрчлөх хэрэгтэй гэж саяхнаас шийдсэн юм. Дурсамжийнхаа хамгийн харанхуй булан тохойг онгичиж, тэр өдрийн гэнэтийн сандрал болоод түүнээс хойш юу болсныг нэгд нэгэнгүй өгүүлье гэж санаа шулуудсан хэрэг. Амьдралдаа анх удаа. 

Надтай адил чимээгүй шаналж байгаа хэн нэгэн байвал энэ мэдрэмжийг гадарлах байх. Хэн ч чамайг ойлгохгүй, орь ганцаар байх шиг мэдрэмж. 

Мэдээж надад эвгүй байна. Өдий хүртэл нууцалж байсан бүхнээ ингэж дэлгэх.

Гэхдээ би өөрийнхөө төлөө үүнийг хийх ёстой. Бас сэтгэл зүйн эрүүл мэндийг хүмүүс үл ойшоож, хангалттай анхаарал хандуулдаггүй учраас ингэж зориглосон юм. Ялангуяа эрчүүд, хөвгүүд энэ тал дээр нэлээн хойно хоцорсон гэж боддог. 

Би мэдэж байна. Өөрөө энэ бүхнийг үзэж туулсан болохоор. “Эр хүн” ямар байх тухай ойлголт хөвгүүдэд багаас нь суудаг. Юу хийж болох, юу хийж болохгүйг орчин тойрноосоо чи тодорхой харна. Дагаж мөрдөх ёстой дүрмээ ч ойлгоно. Битгий уйл. Хүчирхэг бай. Мэдрэмжээ битгий ярь. Шүдээ зуугаад тэвч. Өөрөө учрыг нь ол. 

Тэгээд 29 жил би энэ дүрмийн дагуу амьдарсан. Жинхэнэ эр хүн байх гэж бүхий л чадлаараа хичээсэн.  Энд нэг их онцгой юм байхгүйг би мэдэж байна. Хүн болгоны л мэддэг зүйл. 

Эр хүн ийм л байх ёстой гэсэн тогтсон ойлголт нийгэмд үл үзэгдэх байдлаар оршиж байдаг. Олон үе дамнан уламжлагдсаар өдий хүрсэн хэвшмэл хандлага. 

Хүмүүс үүнийг яг л агаар, устай адил амьдралын салшгүй нэг хэсэг гэж хүлээж авдаг. Гэтэл сэтгэл гутрал, зовнил түгшүүр, дэнслэлээ эсрэгээрээ үгүйсгэж, огт байхгүй зүйл мэт хараа буруулдаг нь хачин.

Би ч гэсэн сэтгэл зүйн эрүүл мэндээ өөр хэн нэгний асуудал мэт бодсоор ирсэн. Надтай огт хамааралгүй харь холын зүйл шиг ханддаг байв. Зарим талаараа ашиг тустай гэдгийг нь мэдэж байсан хэрнээ л хэн нэгэнд хандаж, мэргэжлийн тусламж авахаас нэрэлхсэн. Тийм алхам хийвэл спортын карьер минь нурж, бусдаас өөр, содон, гажиг болж харагдах юм шиг санагддаг байлаа. Жинхэнэ эр хүний шаардлагад нийцэхгүй, сул дорой, нялцгай нэгэн гэж хэлэгдэхийг би хүсээгүй юм. 

Тэгж байтал гэнэтхэн л сандралд орчихсон. 

Яг тоглолтын явцад болсон юм. 

11 сарын 05. 29 насны төрсөн өдрөөс минь хоёр сарын дараа. Улирлын 10 дахь тоглолт. Бид талбайдаа Хоксыг хүлээж аваад байв. Өмнөх өдрүүдэд нь нойр дутуу явснаас миний нүд улайж, толгой дүйрээд бие нэг л тавгүй байв. Гэр бүлийн асуудлаас болоод багагүй стресстэй байлаа. Дээр нь улирлын эхлэлийг тааруу тавьж тав хожигдсоны дарамт шахалт мэдрэгдэж эхэлж байсан цаг. Бүх зүйл нэг л базаахгүй, хөл алдаж эргүүлэг рүү уначих гээд байх шиг хачин мэдрэмж төрж байв.

Ямар нэг юм болохоо больсныг би тэр дороо л ойлгосон.

Бөмбөг аваад дөнгөж хоёр алхмагц л амьсгаа давчдаж цээж хөндүүрлээд эхэлсэн. Нүд бүрэлзээд багийнхнаа ч олигтой ялгаж харж чадахгүй байлаа. Эхний үеийн 15 минутанд би ердөө дөрөвхөн оноо авч арай ядан тоглож байлаа. 

Тэгээд завсарлагааны дараа байдал бүр биш болсон. 3-р үед дасгалжуулагч Лью цаг авч талбайн хажуу руу дуудах үед би хөл дээрээ дөнгөн данган тогтож байв. Зүрх амаар гарчих гээд хүчтэй дэлсэж, агаар дутагдан амьсгалахад хэцүү болж ирсэн. Ам хатна. Толгой эргэнэ. Гар чичирнэ. Яг юу болоод байгааг хэлж тайлбарлахад хэцүү байлаа. Зүгээр л тархи гавалнаасаа гарах гэж зүтгээд байгаа юм шиг санагдаж байв. Туслах дасгалжуулагч над руу харан бүсийн хамгаалалтын тухай ямар нэг юм хэлэхэд нь би огт ойлгоогүй ч гэсэн толгойгоо дохисон. Үнэндээ эргэн тойрондоо юу болж байгааг ч ухаарах сөхөө тэр үед надад байгаагүй юм. Хамаг бие хөшингө оргино. Суудлаасаа арай гэж босоод багийнхантайгаа тойрч зогсохдоо л би талбай руу буцаж гарч чадахгүй гэдгээ мэдсэн. Хөл бүр даагдахгүй байв. Мод л гэсэн үг. 

Дасгалжуулагч Лью над руу нэг том хараад юу болсныг асуулаа. Би түүнд “Удахгүй буцаад ирье” гэж хэлээд хувцас солих өрөө рүү гүйснээ санаж байна. Гүйсэн л гэж тэр үедээ бодсон болохоос бараг хөлөө зөөж ядаад л сажилсан байх. Амьсгаа давчидсан хэвээр. 

Дотор ороод нэг хэсэгтээ хаачихаа, юу хийхээ мэдэхгүй өрөө өрөөгөөр баахан хэсүүчилсэн. Ямар нэг юм хайгаад л байлаа. Юу хайгаад байгаагаа ч мэдэхгүй. Аймшигтай тэвдэж, сандралд орохоороо хүн тэгдэг байх. Яг л үхэх гэж байгаа юм шиг санагдсан. Нээрэн шүү. Зүрх ханаа балбаж, гарах гээд байгаа мэт дэлссээр л байлаа. Тэгсгээд миний тамир бүрмөсөн тасарч зүгээр л шалан дээш хараад хэвтсэн. Агаар дутагдаж хурдан хурдан амьсгалсаар. 

Дараа нь юу болсныг бүдэг бадаг л санаж байна. Кавсын хэн нэгэн намайг түшиж Кливлендийн төв эмнэлэгт аваачсан юм. Тэнд баахан шинжилгээ өгч бүр шөнө дунд болсны дараа л гэртээ харьсан. Ямар нэгэн ноцтой асуудал алга гэж эмч нар надад хэлсэн ч гэсэн би тайвширч чадаагүй. 

Толгойд минь нэгэн бодол тэр шөнөжин эргэж хургасан юм. Өнөөдөр яг юу болоод өнгөрөв өө?

Хоёр хоногийн дараа Баксын талбайд зочлоход бүх зүйл буцаад хэвэндээ орсон юм шиг байв. Би 32 оноо авч баг маань хожсон. Атлантад юу болсныг, яагаад намайг тоглолтоос гэнэт гарсныг азаар хэн ч мэдэлгүй өнгөрсөн. Би үүнээс л үнхэлцгээ хагартал айж байлаа. Хүмүүс мэдчихвий гэхээс. Багийн дотоод ажилчдаас зарим нь мэдээж энэ тухай мэдээлэлтэй байсан. Харин сэтгүүлчид үүнийг өлгөж авч, олон нийт онцолж яриагүй юм. 

Ахиад хэд хоног өнгөрлөө. Би оноогоо цуглуулж, баг маань хожиж, тоглолт маань тогтвортой байв. Гэсэн ч сэтгэлд нэг хөндүүр юм буглаад огт тайван байлгасангүй. 

Яагаад хүмүүс мэдчихвий гэдгээс би тэгтлээ их айсан юм бол?

Гэнэтийн сандралын дараа хамгийн хэцүү хэсэг ард хоцорлоо гэж бодож байсан ч үгүй ажээ. Харин ч өмнө минь хүлээж байв. Яагаад ийм зүйл болсон, яагаад энэ тухай ярихыг хүсэхгүй байгаагаа би ойлгомоор байлаа. Дотроос минь идэж буй зовнил зөрчлөөс гадна үүнийгээ ил гаргаж ярихад хэчнээн хэцүү байгаа нь миний санааг зовоож байв. Магадгүй ад үзэгдэж, гадуурхагдаж элдвээр хэлүүлэхээс би эмээсэн байх. Бас багийнхандаа найдваргүй хамтрагч болж үзэгдэхийг хүсэхгүй байв. Ер нь тэгээд эргэцүүлэх тусам энэ бүхэн эргээд л өнөөх багаасаа дагаж мөрдсөн эр хүний талаарх бичигдээгүй дүрэмтэй холбогдож байв. 

Урьд нь ийм асуудалтай учирч байгаагүй болохоор олон зүйл дээр би эргэлзэж байсан. Харин нэг л юманд юу юунаас илүү итгэлтэй байлаа. Болж өнгөрсөн бүхнийг дотроо булж буглуулж орхиод урьдынхаараа амьдарч болохгүй. Энэ бол ганц удаа санамсаргүй тохиолдсон гэнэтийн сандрал биш. Илүү ноцтой, гүн, ужиг том зүйлийн үзэгдэж байгаа үзүүр ирмэг хэсэг нь. Уснаас цухуйж байдаг мөсөн уулын орой хэсэг. Хэрэв одоо л арга хэмжээ авч шийдвэртэй алхам хийхгүй бол хожим нь харамсаад ч барахгүй үр дагавар үүсэж мэднэ. Үүнийг би зөн совингоороо мэдэж байлаа. 

Тэгээд би Кавсын санал болгосон нэг сэтгэл зүйчтэй уулзахаар боллоо. Эхэндээ би үүнд нэг их ач холбогдол өгөөгүй юм. Өөрийгөө сэтгэл зүйчэд үзүүлж, тусламж авахаар төрлийн хүн биш гэж боддог байсантай минь холбоотой байх. Ухаан орсон цагаас л надад ийм үзэл бодол суусан юм. NBA-д ороод удаагүй байхад нэг найз маань надаас ингэж асууж байлаа. 

“Яагаад мэргэжлийн сагсчид сэтгэл засалдаа анхаардаггүй юм бэ?”

Тухайн үедээ би түүгээр даажигнаад л өнгөрсөн. “Юу? Тийм юмны хэрэг хэнд байдаг юм”. Дөнгөж хорин хэдтэй, юмны учрыг ухаарах болоогүй байсан болоод тэр байх. Тэгээд ч тамирчид дунд (ялангуяа багийн спортын) дотоод энэлэлээ ил гаргаж, энэ сэдвээр нээлттэй ярьдаг хүн өдрийн од шиг ховор. Бүр байхгүй гэхэд болно. Тиймээс би анхных нь болж, анхаарлын төвд орохыг хүсээгүй юм. Сул дорой, арчаагүй, эр хүн шиг биш болж харагдахыг хүсээгүй. 

“Зүгээр л дүрмээ дага. Битгий гоншгоно. Өөрөө арга эвийг нь ол. Бусадтай адил. Надад ямар асуудал байгаа юм? Би эрүүл байна. Мэргэжлийн сагсан бөмбөг тоглож, түүгээрээ дажгүй амьдарч байна. Өөр надад юу хэрэгтэй юм. Сэтгэл засал, дотоод эмгэг гэнэ шүү. Мөн яриваа” 

Би ийм л бодолтой байлаа.

Уг нь NBA-гийн тамирчдад гар сунгаж туслах хүн олон бий. Намайг лигт анх хөл тавьсан цагаас л дасгалжуулагч, илээч, хоол зүйч нар хамт байж, хэлж зөвлөсөөр ирсэн. Эрүүл чийрэг, бие физилогийн өндөр түвшинд байх бүх нөхцлийг багаас чинь бүрдүүлж өгнө. 

Харин тэр өдөр Хоксын хувцас солих өрөөний шалан дээр аргаа баран амьсгалж чадахгүй хэвтэж байхдаа л би хамгийн чухал зүйлээ үл тоож орхигдуулснаа ойлгосон. Дээр дурдсан мэргэжилтнүүдийн хэн нь ч яг тэр үед надад хэрэгтэй байсан тусламжийг өгч чадахааргүй байв.

Юутай ч  сэтгэл зүйчтэй хийсэн анхны уулзалтдаа би үл итгэсэн хандлагатай очсон. Ийм зүйл надад үнэхээр тус болж чадах эсэхэд эргэлзэж байв. Харин энэ бодол маань хаалгаар орж хоёр минут болоод л өөрчлөгдөж эхэлсэн. Өөрийгөө илүү сайн таньж, олон зүйл дээр нүд нээгдчихээд би тэр өрөөнөөс гарсан юм. Нэгт, бидний ярианы сэдэв сагсан бөмбөг, NBA байгаагүй. Очсон газар, уулзсан хүн болгонтойгоо нэг зүйл ярьдаг надад энэ нь шинэ нээлт байв. Хоёрт, ажил мэргэжлээсээ болоод өөртэй нь уулзаагүй гэдгийг тэр мэдэж байлаа. Түүнтэй ярилцах явцдаа би сэтгэл зүйн эмгэг, гутрал бол чиний огт төсөөлж байгаагүй зүйлсээс урган гарч, уялдаа холбоотой байдгийг ухаарч ойлгосон. Бид өөрсдийгөө мэддэг гэж боддог ч үнэндээ хэчнээн их зүйлс цоожтой хаалганы цаана, харанхуй буланд хадгалагдаж байдаг нь итгэмээргүй. 

Түүнээс хойш би тэр сэтгэл зүйчтэй сардаа хэд хэдэн уулзаж ярилцдаг болсон. 12 сарын дундуур уулзахдаа би түүнд эмээ Кэролийнхоо тухай анх удаа ярьж өгөв. Эмээ маань миний хамгийн ойр дотны хүмүүсийн нэг, гэр бүлийн маань гол тулгуур багана байсан юм. Ах, дүү бид гурвыг харж халамжилж, хамт ихэнх цагийг өнгөрүүлдэг хүн нь тэр байлаа. Товчдоо би эмээгийн хүүхэд байв. Байшингийн ханаар дүүрэн бидний зургийг жаазлан хадаж, авсан цом шагналыг маань нямбайлан өрж, хамаатан саднаасаа ирсэн захидлуудыг цуглуулан альбом болгож хадгалдаг шүтлэгтэй хүн байж билээ. Эмээг баярлуулах амархан. Хажууд нь байхад л хангалттай. Гэр бүл, үр ачаа хайрлах гэсэн энгийн үнэт зүйлстэй, өрөвч зөөлөн, нинж хайлан нэгэн байв, эмээ минь. Нэг удаа би түүнд Nike-н пүүз бэлэглэтэл бүтэн жилжингээ тэр тухай бусдад бахархан ярьж, байн байн утсаар залган баярлалаа гэж хэлдэг байж билээ. NBA-д орсноосоо хойш би завгүй болж эмээтэйгээ уулзах минь ховордсон. Өөр хот руу нүүж, зогсоо зайгүй аялж байсан болохоор жилдээ ганц хоёрхон  удаа л уулзах боломж надад олдож байв. Т-Волвес дахь зургаа дахь улирлын минь эхэнд эмээ над руу залгаж Талархлын баярыг надтай хамт Миннесотад өнгөрүүлэх хүсэлтэй буйгаа хэлэв. Өмнөх жилийнх нь баяраар би яагаад ч юм гэртээ очиж чадаагүй юм. Би ч эмээгээ догдлон хүлээж байлаа. Гэтэл наашаа нисэхийн өмнөх өдөр нь түүний артерийн даралт гэнэт ихсэж эмнэлэгт хүргэгдсэн. Нислэгээ хойшлуулж Талархлын баяраар бид хамтдаа хамт байж чадахгүй нь тодорхой болов. Эмээгийн бие дараагийн өдрүүдэд нь огцом муудсаар бүр комд орсон. Намайг Орегонд очих гэж мунгинасаар байтал эмээг нас барсан тухай гэрийнхэн маань шөнө дунд дуулгасан юм. 

Би удаан хугацаанд шокноосоо гарч чадаагүй. Дотор хоосрон хүйтэн оргиулж нэг хэсэгтээ л цээж хөндүүр хэцүү явсан. Одоо ч гэсэн эргэн дурсахад тэр өвдөлт нь мэдрэгддэг. Сүүлийн мөчид нь хажууд нь байж, баяртай гэж хэлж чадаагүйдээ, уулзаж хамт байх боломжуудаа ашиглалгүй алганыхаа завсраар урсгасандаа харамсан эмзэглэж байлаа. Гэхдээ би хэнд ч энэ тухайгаа яриагүй. Хэнтэй ч сэтгэлийн зовлонгоо хуваалцаж, ярилцаж, шаналалаа дундлаагүй. Чимээгүй л дотроо нулимс унагаад, урагшлах ёстой гэж өөрийгөө хүчлээд өнгөрсөн. Хийх ёстой зүйлээ хий. Эр хүн шиг бай. Дүрмийн дагуу ажилла. 

Эмээгийнхээ араас би одоо ч гашуудаж, үгүйлсээр л байгаа. Ойр дотны, эрхэм хүнээ гэнэт алдана гэдэг хэнд ч гэсэн хүндээр тусах нь ойлгомжтой. Ихэнх хүн ийм үеийг яаж давж туулахаа мэддэггүй. Зарим нь бүдэрдэг. Би ч гэсэн ялгаагүй. Энэ тухай сэтгэл зүйчтэй ярилцахад надад эвгүй, хэцүү, аймар байсан. Алга хөлөрч, гараад зугтчихмаар санагдаж байлаа. Ямартай ч тэгж зориглосондоо би одоо баярладаг. Ил гаргаж ярилцаад л асуудлыг шийдчихдэг юм биш гэдгийг би мэднэ. Гэхдээ л энэ бол хав дарж нууцалснаас хавьгүй дээр. Энэ бол асуудлыг ойлгож, учир шалтгааныг нь ухаж, гарц шийдлийг нь олоход хэрэгтэй туйлын чухал эхний алхам юм. Үүнийг л би сэтгэл зүйчтэй уулзаж эхэлсэн хугацаандаа тод ухамсарласан. Хүн болгоныг сэтгэл зүйчийн тусламж ав гэж би хэлэх гээгүй. Өөрийгөө ойлгож, үнэнтэй зүрхшээлгүй шууд нүүр тулах тухай л ярьж байна. Өөртөө тусламж хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь Атлантагаас хойшх хамгийн үнэтэй хичээл минь байв.

Түрүү долоо хоногт Демарын твит-ийг уншаад сэтгэл минь үнэхээр хөдөлсөн. “Энэ сэтгэл гутрал намайг боомилж байна” гэсэн зургаахан үгнээс би өөрийгөө олж харсан юм. Тэр урагш алхаж жагсаалаас гарахаас айгаагүй учир би энэ захидлыг бичихээр шийдсэн хэрэг. Демарын эсрэг би олон удаа тоглож байсан. Мэндийн зөрөөтэй явдаг. Харин түүнийг талбайн гадна ийм зүйлтэй тэмцэж, ялагдаж байсныг нь огт гадарлаагүй. Хэнийг ч гаднаас нь хараад хэт яаран дүгнэлт хийх хэрэггүй. Тэр хүний юуг давж, хэр холыг туулж, хэнийг алдаж, ямар хүнд ачаа үүрч явааг нь чи мэдэхгүй. “Яагаад зөвхөн би юм?” гэсэн бодол заримдаа чамд төрдөг байж магадгүй. Чи л ганцаараа махаа идэн тарчилж байх шиг. Ганцхан чам дээр л аадар бороо орж, аянга цахилгаан цахиад байх шиг. Хэн ч чамайг ойлгохгүй. Ойлгосон ч тусалж чадахгүй юм шиг тийм мэдрэмж. Ямар байдгийг нь би мэдэж байна. Тэгээд бас юу гээч? Чи ганцаараа биш. Хүн болгон л ямар нэг зүйлийг туулж байгаа. Хүн болгон доторх дайсантайгаа тулалдаж, тамирдан туйлдаж, шархдан шаналж, итгэл найдвараа алдахгүйн төлөө эцсийн хүчээ шавхаж байгаа. Бид өөр хоорондоо тийм их ялгаатай биш. Гэр бүл, найз нөхөд, ажлын хамтрагч, айл хөршөөс чинь эхлээд гудамжинд зөрж байгаа танихгүй хүмүүст хүртэл ижил төстэй зүйлс бий. 

Демарын үгс надаас авахуулаад олон хүнд тусалсан байх. Сэтгэл гутрал, зовнил түгшүүр гэдэг хэнд ч тохиолдож болох хэвийн зүйл гэдгийг. Бас өөрийгөө буруутгаж, үзэн ядаж, айх шаардлагагүй гэдгийг ойлгуулсан байх гэж найдаж байна. Хүн бүрт нууц байдаг. Тэрнийгээ заавал ил болгож, олон нийтэд зарлах хэрэгцээ байхгүй. Зарим зүйл нууц чигээрээ, хөшигний ард үлдсэн нь илүү дээр. Харин сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай ичиж, эмээж, нэрэлхэж, санаа зовнилгүй ярьж болдог тийм орчин нөхцлийг л бид нийгэмд бий болгох хэрэгтэйг би хэлэх гээд байгаа юм. Сэтгэл зүйн эмгэг бол бие физилогийн эрүүл мэндтэй адил маш чухал сэдэв. Оношлуулж, эмчилгээ хийлгэж, эдгэрч, эргэн тойрныхондоо ярьж болдог зүйл. Чухам үүнийг л би бусдад ойлгуулж, энгийн норм болгохыг хүсэж байна. Демар анхны алхмыг хийсэн. Сэтгэл зүйн сорилтонд орж, тэмцэж байгаа нэгнийг хажиглаж, гадуурхаж, нулимлаж, нүд үзүүрлэдэггүй нийгмийг бий болгоход. Итгэл найдварын бамбарыг тэр асаасан. Үргэлжлүүлэн буухиалах нь бидний ажил. 

Би өөрөө нэг их бүхний учрыг олоод гэгээрчихсэндээ ингэж яриад байгаа юм биш. Өөрийгөө таньж мэдэх үйл явцын эхний хэдэн гишгүүр дээр л өгсөж байна. 29 жилийн турш би үүнээс зугтаж зайлсхийсэн. Харц буруулж үнэнээс үхтлээ айн дөлдөг байлаа. Харин одоо анх удаа өөрийнхөө өөдөөс эгцэлж харж байна. Толины өмнө зогсож байгаа мэт. Хэн гэдгээ хүлээн зөвшөөрч, амьдралынхаа сайн мууг байгаагаар нь хүлээж авахаар би шийдсэн. Өөрт байгаадаа талархалтай хандаж, байхгүйдээ бачимдан шунахаа больж, бас бусдад энэрэнгүй эгэл сэтгэлээр хандахыг хичээж байна. Шүүж, шүүмжилж, ширүүлэх бус. Одоо би өөртөө нэгэн зүйлийг өдөр бүр хэлж сануулж байгаа. Хүн болгон бидний харж чадахгүй ямар нэгэн сорилт саадыг туулж байгаа.

Ахиад нэг хэлье. Хүн бүр. Бидний харж, мэдэрч чадахгүй зүйлс.

Юу гэдгийг нь бид мэдэхгүй. Яаж бий болсныг нь мэдэхгүй. Хэр удаан үргэлжилж байгааг нь ч бас мэдэхгүй. Нэг л юм тодорхой. Хэнд ч гэсэн ийм зүйл тохиолдож болно. Хэзээ ч өөрийгөө ийм зүйлтэй учирна гэж бодоогүй нэгэнд ч гэсэн. Чамд ч гэсэн. Нэг л өдөр үл үзэгдэх савраараа хоолойг чинь боомилж, гарт чинь хутга бариулж, хүзүүнд чинь олс зүүчихсэн байж мэднэ. Хар бараан ч гэсэн энэ бол амьдралын нэг хэсэг. Үл тоож, өөр юм бодож, хөгжмөө чангалж, наргиж цэнгэж, байхгүй юм шиг авирласан ч гэсэн байж л байна. 

Сэтгэл зүйн эрүүл мэнд зөвхөн тамирчдын асуудал биш. Хийж байгаа зүйл, эрхэлж байгаа ажил чинь чамайг тодорхойлох албагүй. Чи өөрөө л хэн гэдгээ тодорхойлно. Хаана, юу хийж, яаж ч амьдардаг байсан сэтгэл гутралын өргөстэй ургамал хэний ч сэтгэлд нахиалж болно. Тэгээд арга хэмжээ авахгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр томорч, өргөс нь уртсан, дотроос чинь хатган тамлах болно. Амь тэмцүүлж, амьсгалах аргагүй болгоно. Хав дарж, харилцан яриа үүсгэхгүй байснаараа бид өөрсдийгөө хохироогоод зогсохгүй бусдад туслах боломжоо бас үгүй хийж байна. 

Өглөө босоход чамд хэцүү, өдрийг арай ядан өнгөрүүлдэг, маргааш болохоос айж шөнө нойр чинь хулждаг бол чи ганцаараа биш. Ямар байдгийг нь би мэднэ. Би чамд туслаж чадахгүй. Хэр удаан үргэлжлэхийг нь бас хэлж чадахгүй. Гэхдээ чамд нэг л зүйлийг мэдүүлмээр байна. Үүнийгээ ярьж, хуваалцлаа гээд чи өөр, сул дорой, өрөвдөм, арчаагүй, өчүүхэн нэгэн болохгүй. Харин ч эсрэгээрээ. Эрэлхэг, хүчирхэг нэгэн. Учир нь энэ бол хэн хүний гаргаж чаддаггүй зориг. Чиний амьдралдаа гаргасан хамгийн чухал шийдвэр ч болж болно. Надад тийм байсан.

2018.03.06

Эх сурвалж: The Players Tribune