Бокс: Флойд Мэйвэйдер эргэн ирнэ

1367

Мэргэжлийн боксын таван өөр жингийн аварга Флойд Мэйвэйдер рингэн дээрээ эргэн ирнэ. Гэхдээ энэ удаад Флойд “Youtube” сувгийн од Логан Полтой үзүүлэх тулаан болжээ.

Энэ жил 43 настай Флойд Мэйвэйдер дахин мөнгөний тулаан хийхээр шийдлээ. Тэрбээр 2017 онд холимог тулааны од Конор МакГрегортой тулалдаж, мэргэжлийн бокст 50 дахь хожлоо авснаасаа хойш мэргэжлийн замналаа өндөрлүүлсэн.

Тэрбээр хоёр жилийн өмнө Японы кикбоксын од Теншин Насүкаваг 140 секундэд “зодоод” 9 сая ам.доллар авсан билээ. Шинжээчид Флойдыг ойролцоогоор 10 сая ам.доллар авах тооцоо гаргасан юм.

Харин түүний өрсөлдөгч Логан Пол нь “Youtube” сувагт 22 сая дагагчтай нэгэн. Сонирхогчийн түвшинд тулааны спортоор хичээллэж байсан тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Youtube” сувгийн өөр нэгэн од KSI-тай тулалдаад ялагдсан.

Флойд Мэйвэйдер ба Логан Пол нарын тулааныг ирэх оны хоёрдугаар сарын 20-нд зохион байгуулахаар болсон юм.

Та энэ тулааныг шууд үзэхийг хүсвэл яг одоогоор 24.99 ам.доллар төлнө. Харин 1 сая хүн үзэх захиалга өгсний дараа сонирхвол 39.99 “ногоон” болох аж. Арванхоёрдугаар сарын 26-нд гэхэд дээрх үнэ 59.99 ам.доллар, хоёрдугаар сарын 11-нээс 69.99 ам.долларын үнэ хүрэхээр зарлажээ.