Парис 2024: Брейк бүжиг олимпын хөтөлбөрт багтлаа

1114

Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны Удирдах зөвлөлөөс “Парис 2024” олимпын хөтөлбөрт брейк бүжиг багтсаныг албан ёсоор зарлав.

Дөрвөн жилийн дараа болох олимпын хөтөлбөрт брейк бүжигээс гадна скейтборд, спорт авиралт, сюрфингийн төрөл албан ёсоор багтлаа.

Түүнчлэн Парист хүйсийн эрх тэгш байдлыг хангахаар төлөвлөж, оролцож буй тамирчдын 50% нь эмэгтэй байхаар болсныг мэдэгдэв. Ирэх жил болох Токиогийн олимпод эмэгтэйчүүдийн эзлэх хувь 48.8 байх юм. Үүгээр ч зогсохгүй Токиогийн олимптой харьцуулахад холимог төрлийн тоо дөрвөөр нэмэгдэж, 22 болох аж.

Дээрх нэмэгдсэн дөрвөн төрлийг оролцуулаад нийт 10,500 тамирчин Францад хүч сорих бөгөөд 329 багц медалийн төлөө өрсөлдөх гэнэ.


Бокс

Олимпын төрөл дотроо монголчуудын медаль хүртэх магадлалтай спортын тоонд сонирхогчдын бокс ордог. Сүүлийн үед Олон улсын боксын холбооны асуудлаар энэ спортын хувь заяа ганхсан. Ямартай ч “Парис 2024”-т боксын төрөлд хүйсийн тэгш байдлыг хадгалахаар тусгагджээ. Тодруулбал, эрэгтэй долоо, эмэгтэй зургаан жинд тамирчид өрсөлдөх юм. Гэхдээ жингийн ангиллыг эцсийн байдлаар 2021 оны дөрөвдүгээр улиралд тодорхой болгох юм.


Хүндийг өргөлт

Сүүлийн үед тамирчид нь допингийн хар дансанд ихээр орох болсон тул хүндийг өргөлтийн төрөлд олимпод байх эсэх нь эргэлзээтэй болсон билээ. Тэгвэл 2024 онд таван жингээр 120 тамирчин өрсөлдөх юм. Энэ нь Токиогийн олимптой харьцуулахад багассан тоо. Токиод 196 тамирчин өрсөлдөхөөр (Риогийн олимпод 260 тамирчин оролцож байлаа) бэлтгэлээ базааж буй. Жингийн ангиллыг мөн л 2021 оны дөрөвдүгээр улиралд багтаана шийдэх гэнэ.