IJF: Жүдочдод зориулсан наадам зохион байгуулна

1017

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) -ноос энэ оны сүүлээр жүдо фестивал зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа танилцууллаа.

Тус холбооны зүгээс цар тахлын улмаас зутруухан өнгөрч буй 2020 оны төгсгөлийг баяр хөөрөөр үдэх зорилгоор “JUDOFEST 2020” онлайн наадам зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээнд жүдотой холбоотой хэлэлцүүлэг, шилдэг тамирчид, нэртэй дасгалжуулагчид оролцсон оны онцлох хөтөлбөр гаргах юм. Наадмыг энэ сарын 27-нд хийхээр төлөвлөжээ.

Онлайн арга хэмжээний хөтөлбөр:

  • Олимпын жүдоч: Дэлхийн шилдэг жүдочид олимпын наадамд оролцож явсан түүхээ бусдад хуваалцах юм.
  • Жүдогийн ирээдүй: Өмнөх үеийн жүдогийн том төлөөлөгчид ирээдүйгээ хэрхэн бэлтгэж байгааг харуулна.
  • Хөл хорио: Тамирчид, эмч, холбооны удирдлагууд цар тахлын улмаас жүдочдын гэр бүлд хэрхэн нөлөөлсөн, цаашид хэрхэн дасан зохицох талаар зөвөлгөө өгнө.
  • Жүдо дэлхийн өнцөг бүрт: Энэ спорт дэлхийн өнцөг бүрт, тэр ч бүү хэл үймээн самуун, мөргөлдөөнтэй газарт хүртэл хэрхэн нөлөөлж байгааг танилцуулна.
  • Асуулт хариулт: Жүдогийн дүрмийн талаар Шүүгчдийн зөвлөлийн дарга Даниел Ласкутай шууд холбогдон асуулт асуух боломжтой.

Түүнчлэн энэ үеэр анх удаагаа “JUDO AWARDS” шагнал гардуулах ёслол болно. Олон нийтийн санал асуулгаар шилдэг тамирчин, онцлох иппон болон бусад тусгай шагналыг гардуулах аж.

Одоогоор уг арга хэмжээнд хэн оролцох талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.