Жүдогийн Азийн АШТ ирэх онд Киргиз улсад болно

1302

Манай оронд явагдахаар товлогдсон ч коронавирусийн улмаас хойшилсон Жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн ирэх онд Киргиз улсад зохион байгуулагдах болжээ.

Улаанбаатарт болох байсан тэмцээнийг энэ оны дөрвөн сарын 17-19-нөөс хойшлуулж 11 сарын 26-29 болгосон. Гэвч коронавирусийн тархалт нэмэгдсэнээс болж ахин тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон нь Азийн Жүдо Бөхийн Холбоог ийм шийдвэр гаргахад хүргэжээ.

Тэмцээн 2021 оны дөрвөн сарын 06-наас 09-ний хооронд Киргиз улсын нийслэлд явагдана. Жүдочид энэ тэмцээнээр чансаагаа ахиулж нэг жилээр хойшилсон Токиогийн олимпын эрх авах боломжтой.

Токиогийн Олимп 2021 оны долоон сарын 23-наас найман сарын наймны хооронд явагдахаар болсон. Цар тахлын дэгдэлттэй үед Европ болон Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнүүд сүүлийн хоёр сард амжилттай зохион байгуулагдсан.

Азийн Жүдо Бөхийн Холбооноос Кадет болон Өсвөрийн Ази, Номхон далайн орнуудын АШТ-үүдийг 2021 оны зургаа, долоон саруудад Макаод зохион байгуулах шийдвэрийг мөн гаргасан.