Австри улс 2026 оны олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө

1249

Австри улс 2026 оны өвлийн олимпийн эрхийн төлөө өрсөлдөхөө зарлав. Тус улсын хоёр дахь том хот гэдгээрээ алдартай Штир мужийн төв Грац хот өрсөлдөх юм. Энд 1982, 2013 оны уулын цанын ДАШТ-ийг зохион байгуулсан туршлагатай.

Өнгөрсөн нэгдүгээр сард тус хот өвлийн олимпийг зохион байгуулах санхүүгийн боломжоо судалж байгаагаа зарлаж байв.

Австрийн Инсбрук хот өнгөрсөн оны аравдугаар сард олон нийтийн санал асуулгаар цагаан олимп зохион байгуулахаас татгалзсан юм.

Цагаан олимпийн түүхэнд хамгийн олон медаль хүртсэн дөрөв дэх улс болох австричууд 1964, 1976 онд Инсбрукийн өвлийн олимпийг зохион байгуулсан ч 2002 (Грац), 2006 (Клагенфурт), 2010, 2014 (хоёул Сальцбург) онд нэр дэвшээд ялагдсан юм.

2026 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрхийн төлөө Канадын Калгари, Шведийн Стокхолм, Швейцарийн Сион, Японы Саппоро хот нэр дэвшэхээ зарлаад байв. Түүнчлэн Италийн Милан, Турин хот хамтарч, Туркийн Эрзурам хот нэр дэвшэхээ зарлажээ.

Харин Норвегийн Лиллехаммер хот олимпийн сунгаанд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэд 2030 оны өвлийн олимпийн сунгаанд өрсөлдөх бодлого барьж байгаа аж.

Өвлийн олимпийг зохион байгуулах хотыг 2019 оны есдүгээр сард Италийн Милан хотод болох Олон улсын олимпийн хорооны санал хураалтаар шийдвэрлэнэ.