Олимпын наадмыг эсэргүүцэгчид ихсэж байна

823

Токиогийн олимпыг цуцлах цахим гарын үсэг цуглуулах аян эрчийг аваад эхэлжээ. Сүүлийн хэдэн өдрийн дотор “Cancel the Tokyo Olympics to protect our lives” нэртэй уг хөдөлгөөнд 250,000 гаруй хүн нэгдсэн аж. Цар тахлын улмаас “Токио 2020” зуны олимпын наадмыг нэг жилээр хойшлуулсан ба ирэх долдугаар сард зохион байгуулахаар дахин товлосон юм.

Олимпыг цуцлах өргөдөл нь ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах болон Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга зэрэг бусад албаны хүмүүст хаяглагджээ. Томас Бах ирэх тавдугаар сарын 17-нд Японд айлчилж, тус улсын ерөнхий сайдтай уулзана. Уг хөдөлгөөнийг зохион байгуулагч, хуульч Кэнжи Үцүномияа Т.Бахыг Японд ирэх өдөр хүртэл гарын үсэг цуглуулах гэнэ.

К.Үцүномияа энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай улсын одоогийн нөхцөл байдлыг хараад бид олимпыг аюулгүй зохион байгуулах магадлал бага байна. Япон даяар эм, эмнэлгийн нөөц дутмаг байгаа нь санаа зовоож буй. Олимпыг ямар нөхцөлд зохион байгуулагдах гэж байгааг бид тамирчдад, ажилчдад, хотын оршин суугчдад, эрүүл мэндийн ажилчдад харуулах хэрэгтэй” гэжээ. Тэрбээр Токио хотын захирагчийн сонгуульд нэг бус удаа өрсөлдсөн, улс төрч билээ.

ОУОХ-ны Ерөнхийлөгч Т.Бах болон зохион байгуулагч орны талаас наадмыг хуваарийн дагуу аюулгүй зохион явуулна гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Үүний хажуугаар “Pfizer Inc.” болон “BioNTech SE.” компани өөрсдийн бүтээсэн вакцинаар тамирчдыг хангана гэдгээ зарлав. Мөн пүрэв гарагт АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компани “Токио 2020” наадмын оролцогч тамирчдыг дархлаажуулахад зориулж вакцин хандивлахаар болсноо мэдэгдсэн юм.

Олимп нээлтээ хийхэд хоёр сар гаруйн хугацаа үлдсэн. Гэтэл Токио хотод тавдугаар сарын 11-нийг хүртэл халдварын тоог бууруулах, эмнэлгүүдийн ачааллыг хөнгөвчлөхийн тулд хатуу хөл хорионы дэглэмд шилжээд буй. Өнөөдөр тус улсад цар тахлын дөрөв дэх давалгаа эхэлсэн ч вакцинжуулалтын явц удаан явагдаж байна. Токио хот болон өөр гурван бүс нутагт тархалтыг хязгаарлах зорилгоор одоо үйлчилж буй онц байдлын дэглэмийг тавдугаар сарыг дуустал сунгах төлөвлөгөөтэй байгааг тус улсын эдийн засгийн сайд мэдэгдсэн юм.

Гэвч зохион байгуулагчид нь наадмыг цуцлахгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн билээ. Тэд цар тахлын аюулаас сэргийлэхийн тулд гадаадаас зочин хүлээж авахгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн Японы дотоодын хөгжөөн дэмжигчид уралдаан тэмцээнийг биеэр үзэхийг хориглох шийдвэр гаргаж болзошгүй гэнэ.