Мухаммед Алигийн зээ мэргэжлийн боксчин боллоо

752

Нэрт боксчин асан Мухаммед Алигийн зээ Нико Али Уолш ирэх наймдугаар сарын 14-нд мэргэжлийн боксын анхны тулаанаа хийхээр болжээ. Өдгөө 20 настай эр нэгэн цагт өвөөтэй нь хамтран ажиллаж байсан нэрт проуметер Боб Арумтай гэрээ байгуулав.

Боб Арум бол Мухаммед Алигийн 27 тулааныг зохион байгуулсан нэрт боксын зүтгэлтэн. Нэрт боксчны олон шилдэг тулааныг бодит болгосон энэ эрхэм өдгөө ч боксын ертөнцдөө зүтгэсэн хэвээр явна. Боб М.Алигийн ач хүү Нико Али Уолштой албан ёсоор гэрээ байгуулжээ. Энэ жил 89 настай Б.Арум “Top Rank” компаниа байгуулаад М.Алигийн АНУ-д хийсэн анхны тулааныг 1966 онд зохион байгуулж байв.

Харин Никогийн хувьд сонирхогчдын бокст 30 гаруй тулаан хийсэн нэгэн. Тэрбээр хүнд жингийн шилдгүүдийн нэг болох Тайсон Фюригийн багт бэлтгэл хийдэг аж.

Никогийн анхны тулаан дөрвөн үе үргэлжлэх бөгөөд АНУ-ын алдарт ESPN-ээр шууд дамжуулах гэнэ. Гэхдээ зохион байгуулагчид өрсөлдөгчийг нь зарласангүй.

Сонирхуулахад, Нико Али Уолш бол М.Алигийн том охин Рашеда Алигийн хүү юм. Рашедагийн том хүү Бажжио Али Уолш америк хөлбөмбөгчин билээ. Невадагийн Их Сургуулийн америк хөлбөмбөгийн багт данстай Бажжио нь 22 настай бол түүний дүү Нико 20 нас хүрч буй. Бизнесийн чиглэлээр их сургуулиа амжилттай төгссөн Нико дараагийн алхамаа хийж өвөөгийнхөө замналаар явахаар шийджээ.

Тэдний эцэг Боб Уолш тогооч мэргэжилтэй бол ээж Рашеда зохиолч хүн. М.Али олон жил паркинсоны өвчнөөр шаналсан бөгөөд паркинсоны өвчнөөр шаналж буй хүмүүс, тэдний гэр бүлийнхэнд зориулсан олон ном бичсэн нэгэн юм.