Буухиа уралдаанд улсын рекорд шинэчиллээ

407

Азийн Наадмын хөнгөн атлетикийн төрөлд эмэгтэйчүүдийн 4х400 метрийн буухиа төрөлд Монголын баг улсын рекорд амжилтаа шинэчлэв. Манай бүсгүйчүүд өмнөх рекорд болох 3:56.90 минутыг 3:52.34 минут болгон улсын рекордоо эвдлээ.

Энэ ангилалд 7 улсын тамирчид уралдсан. Бахрейний гүйгчид 3:27.65-аар Азийн Наадмын рекордыг шинэчлэн, алтан медаль хүртсэн бол Энэтхэгийн баг 3:27.85-аар улсынхаа дээд амжилтыг мөнгөн медалиар “угаалаа”. Шри Ланкийн баг 3:30.88-аар хүрэл медаль хүртэв.

Мөн өнөөдөр эрэгтэйчүүдийн 5000 метрийн гүйлтийн төрөлд дүнгээ гаргав. Нийт 20 гүйгч өрсөлдөхөөр бүртгүүлсэн уг төрөлд манай улсаас Б.Сэр-Од, Н.Мөнхбаяр нар хурд сорив. Н.Мөнхбаяр хувийн дээд амжилтаа шинэчлэн, 14:42.79 минутад замаа дуусгаснаар 14-т, Б.Сэр-Од 14:48.33 минутад барианд орсноор 16-д жагслаа.

Бахрейний гүйгч Бирхану Балев 13:17.40-өөр Азийн Наадмын рекорд шинэчлээд зогсохгүй, Азийн Наадмаас хос алтан медаль хүртлээ. Тэрбээр өмнө нь 10000 метрийн гүйлтэд түрүүлсэн билээ. Энэтхэгийн Мукунд Авинаш Сабле мөнгө, Бахрейний Фикаду Давит Адмасу хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн гурвын харайлтын төрөлд Э.Оюундарь оролцов. Манай тамирчин хоёр дахь оролдлогоороо 12.19 метр харайсан юм. Уг төрөлд Узбекистаны Шарифа Давронова хувийн дээд амжилтаа шинэчлэн, 14.09 метрээр алтан медаль хүртсэн бол мөнгийг БНХАУ-ын Руй Жэн, хүрлийг Японы Марико Моримото хүртлээ.

Эх сурвалж: МҮОХ
Гэрэл зургийг: Д.Амаржаргал /Zindaa.mn/