Ахмед Мусагийн хоёр гоол + Аргентиний сүүлийн боломж

1063

Нигери 2:0 Исланд

Гоол: Ахмед Муса 49, 75

Тоглолтын шилдэг: Ахмед Муса


“B” хэсгийн сүүлийн тоглолт тун сонирхолтой болох шинжтэй. Эхний тулаанд Хорватын багт 2:0-ээр хожигдсон Нигерийн шигшээ баг дөрвөн жилийн өмнө хос гоол оруулж байсан Ахмед Мусагийн ачаар хүчирхэг хамгаалалттай Исландыг хожлоо.

А.Муса ийнхүү ДАШТ-ий мэргэн буучийн жагсаалтад орж ирэв. Тэрбээр энэ дэлхийн аваргад хоёр ба түүнээс дээш гоол оруулсан 10 дахь тоглогч болсон юм.

Хэрвээ энэ тоглолтод Исландын баг хожсон бол Аргентинд тун хэцүү болох байв. Учир нь хэсгийн сүүлийн тоглолтод хэсгээ тэргүүлэх нь хэдийнэ тодорхой болсон Хорват, Исландын баг таарахад хорватууд гол тоглогчдоо нөөх боломжтой байлаа. Харин Африкийн баг ялснаар байдал эрс өөрчлөгдсөн. Энэ тулаанд ялагдсан исландчуудад хүртэл шөвгийн 16-д үлдэх боломж бий. Тэд Хорватыг олон гоолоор хожиж, Аргентин Нигерийг ялвал гоолын зөрүүгээр хэн нь дээр нь бичигдэхээ үзэх юм. Нигерийн хувьд Аргентинийг хожвол хэсгээсээ гарах боломж нээгдэнэ. Тиймээс энэ хэсгийн үлдсэн тоглолт олны анхаарлыг татаж байгаа нь гарцаагүй.

  • Нигерийн шигшээ баг ДАШТ-д зургаа дахь ялалтаа байгуулав. Сонирхолтой нь бүгдэд нь Европын багуудыг хожиж байсан бөгөөд тавд нь хаалгандаа гоол алдаагүй.
  • Исландын шигшээ багийн хувьд том тэмцээний хэсгийн шатанд ялагдаж буй анхны тохиолдол. Викингүүд Евро болон ДАШТ-ий хэсгийн шатанд гурав тэнцэж, нэг хожсон билээ.
  • Нигерийн шигшээ баг 1994 оны ДАШТ-д Грекийг 2:0-ээр буулган авч, анхны хожлоо авч байв. Түүнээс хойш таван удаа өрсөлдөгчөө ялахдаа нэг гоолын илүүгээр хожсон үзүүлэлттэй. Тэгвэл энэ тоглолтод 1994 оноос хойш анх удаа хоёр гоолын илүүгээр хожиж байна.
  • Ахмед Муса хоёр ДАШТ-д оролцохдоо дөрвөн гоол оруулжээ.