Хаалгачдын супер дуэльд Даньэл Субашич яллаа

1084

Хорват 1:1 Дани

Гоол: Матиас Йоргенсен 1, Марио Манзукич 4

Тоглолтын шилдэг: Даньэл Субашич


Тоглолт эхлэнгүүт даничууд анхны довтолгооноор гоол оруулчихав. Матиас Йоргенсений энэ гоол 57 секундэд орсон гэдгээрээ тус ДАШТ-ий хамгийн хурдан гоолоор бүртгэгдсэн. Гэхдээ гоолын баяр нь дуусаагүй байхад Марио Манзукич хариуг нь барив. Ингэснээр ДАШТ-ий түүхэнд эхний дөрвөн минутад тус бүр хоёр гоол орсон сонин тохиолдол боллоо. Дөрвөн жилийн өмнө Аргентин, Нигерийн тоглолтод ийм зүйл анх болж байлаа.

Олон гоолтой тоглолт үзэх нь гэтэл үүнээс хойш дахин гоол орсонгүй. Гоол оруулах хамгийн том боломжийг хорватууд атгаад алдсан. Нэмэлт цагийн 116 дахь минутад Лука Модричийн дамжуулалтаар Анте Ребич хаалгачийн эсрэг ганцаараа гарч ирсэн, тэрбээр Каспар Шмейхелийг хуураад ганцаараа сул гараад иртэл араас нь М.Йоргенсен жийж унагав. Шүүгч түүнд шар хуудас өгч, Хорватын багт торгуулийн цохилт заалаа. Багаа хожилд хүргэх уг даалгаварыг харин багийн ахлагч Лука Модрич алдаж, удам залгасан хаалгач эр Каспер Шмейхель бариад авав.

Ингээд хоёр баг торгуулийн цохилт руу шилжиж, Данийн домогт хаалгач Петр Шмейхелийн хүү Каспер Шмейхель, Хорватын Даньэл Субашич нарын дунд супер дуэль өрнөв. Эхний цохилтыг Данийн Кристиан Эриксен гүйцэтгэсэн ч Д.Субашич бариад авлаа. Гэтэл Хорватын Милан Бадель хариу цохилт хийхэд К.Шмейхель зогсоов. Даниас С.Кьер, М.Крон-Дели нар өөрсдийн үүргээ амжилттай гүйцэтгэсэн бол Хорватаас Андре Крамарич, Лука Модрич нар торгуулиа амжилттай хийлээ. Харин Данийн Л.Шёнегийн цохилтыг Д.Субашич зогсоож, Й.Пиваричийн цохилтонд К.Шмейхель хариу барив. Үүний дараа Н.Йоргенсений цохилтыг Д.Субашич амжилттай хааж, Иван Ракитич торгуулийн цохилтоо гүйцээснээр хорватууд ялалт байгуулж, Оростой тулах боллоо.

Хорватын хаалгач Д.Субашич ДАШТ-д гурван торгуулийн цохилт хаасан хоёр дахь хаалгач болжээ. Түүнээс өмнө 2006 онд Португалын Рикардо гурван цохилт хааж байв.