Нэймар багаа шөвгийн 8 руу хөтөллөө

1285

Бразил 2:0 Мексик

Гоол: Нэймар 51, Роберто Фирмино 88

Тоглолтын шилдэг: Нэймар


Энэ дэлхийн аваргад жижиг багууд өнгөтэй наадаж, харин томчууд барьц алдаад буй. Дөрвөн жилийн өмнө аваргалж байсан германчууд хэсгээсээ шалгарч чадаагүй бол Аргентин, Испани, Португал зэрэг дэлхийн аварга болох боломжтой багууд шөвгийн 16-гаас гэртээ харьсан.

Харин дэлхийн таван удаагийн аварга баг Бразилын шигшээ баг ийм зовлонд унасангүй. Эхний хагаст хоёр баг эн тэнцүү өрсөлдөж, цөөнгүй боломж гаргасан ч хамгаалалт нь алдаа гаргасангүй. Мексикийн хурдтай довтлогч нарын холын цохилтыг бразил хамгаалагчид нягт хамгаалж байсан бол элдэвтэй бразил довтлогчдын довтолгоог Мексикийн хаалгач Гуйллермо Очоа зогсоож байлаа.

Энэ байдал хоёрдугаар хагаст удтал үргэлжилсэнгүй. Уильяны хөндлөн дамжуулалтаар Нэймар гоолын салхийг хагалав. Ингэснээр бразил залуу ДАШТ-д нийт 38 цохилт гүйцэтгээд зургаан гоол оруулсан үзүүлэлттэй боллоо. Өнөө цагийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчид болох Аргентинийн Л.Месси 67 цохилт гүйцэтгэж байж зургаан гоол бичүүлсэн бол К.Роналду 74 цохиод мөн ийм тооны гоолтой болж байлаа.

Нэймарын хувьд энэ ДАШТ-д тун завгүй явна. Тэрбээр нийт 23 цохилт гүйцэтгэж, үүнээс 12 нь хаалгаа оносон бол 16 удаа гоолын боломж үүсгэж, түүн дээр өрсөлдөгч баг нь нийт 23 алдаа хийж, зогсоосон юм.

Эхний гоол орсоноос хойш мексикчүүд довтолгоондоо илүү анхаарч, эсрэг баг нь хамгаалалтад шилжсэн. Гэхдээ бразилчуудын сөрөг довтолгоо илүү аюул тарьж байлаа. Үр дүнгээ өгч, сэлгээгээр талбайд орж ирсэн Роберто Фирмино 88 дахь минутад Нэймарын дамжуулалтаар тооны харьцааг холдуулж, ялалтаа бататгасан юм.

Ийнхүү Мексикийн шигшээ баг сүүлийн долоон ДАШТ-д дараалан шөвгийн 16-гаас мултарлаа. Харин хаалгач Г.Очоа нь Бразилын эсрэг найман цохилт хаасан бөгөөд энэ ДАШТ-ий 90 минутад үүнээс олон цохилт хаасан ганц л тохиолдол гарсан билээ. Тэр нь Германы эсрэг өнөөх л Г.Очоа байлаа.