“Pussy Riot”-ын дэггүй дөрвөн гишүүнийг 15 хоног хорино

1010

Франц, Хорватын тоглолтын үеэр талбай дээгүүр гүйж, тоглолтыг түр завсарлахад хүргэсэн “Pussy Riot” бүлэглэлийн дөрвөн гишүүнийг Москва хотын шүүх 15 хоног шоронд хорих шийдвэр гаргажээ. Хуурамч цагдаагийн дүрэмт хувцастай талбай дээр гүйсэн дөрвөн хүний гурав нь эмэгтэй байлаа. Вероника Никулшина, Ольга Пахтусова, Ольга Курачёва болон ганц эрэгтэй нь болох Пётр Верзилов нарыг гурван жилийн хугацаанд спортын ямар нэг үйл ажиллагаанд оролцох, цэнгэлдэхэд орох эрхийг нь хязгаарлажээ.

Эдгээр дөрвөн хүнийг Путины эсрэг үзэлтэй бүлэглэлийн гишүүн мөн гэдгийг тус бүлгийн цахим хуудас анх зарласан. Тэд 2014 онд Оросын шоронд хоригдсон Укрианы кино найруулагч Олег Сенцовыг дэмжиж буйг энэ үйлдлээр харуулахыг зорьсон гэж тайлбарлажээ. “Pussy Riot” Оросын рок хамтлаг. Тус хамтлаг 11 эмэгтэй гишүүнтэй бөгөөд анх В.Путины бодлогыг шүүмжилж, олны танил болсон юм. Талбай дээр гүйсэн цор ганц эрэгтэй болох Пётр Верзилов бол “Pussy Riot” хамтлагийн дуучин Надья Толокногийн экс нөхөр гэнэ. Надья 2012 онд Москва хотод Путины эсрэг дуу дуулсан хэмээн буруутгагдаж, шоронд хоригдсон гурван гишүүний нэг юм.

П.Верзилов дуучин бөгөөд сүүлд Канадын иргэншилтэй болсон юм. Хэдийгээр эхлээд хамтлаг байсан ч тус хамтлагийг дэмжигсэд олширсон тул сүүлдээ Путины эсрэг бүлэг үүсч, хүний эрх зөрчигдсөн асуудлаар хүчтэй тэмцдэг болсон билээ.

Талбай дээр Францын Килиан Мбаппетай мэндэлж амжсан адтай бүсгүй бол 21 настай их сургуулийн оюутан, модель Вероника Никулшина. Харин нөгөөх нь 31 настай Ольга Курачёва. Тэрбээр Орос дахь BBC телевизийн салбарт ажилладаг аж. Курачёва Москвагийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн нэгэн. Харин Ольга Пахтусова 25 настай гэнэ.