Дугуйчин Ольга Забелинская иргэншлээ солив

728

Олимпийн гурван медальт, дугуйчин Ольга Забалинская 2020 оны олимпод Узбекистаны нэр дээр уралдахаар боллоо. Хоёр жилийн өмнө Риогийн олимпоос мөнгөн медаль хүртэж, олимпийн хошой хүрлээ ахиулж дөнгөсөн орос бүсгүй допингийн улмаас олимпод оролцох боломжгүй болох вий гэж эмээсэндээ ийм шийдвэр гаргасан байна.

Өдгөө 38 настай орос дугуйчин 1997 онд өсвөр залуучуудын төрөлд дэлхийн хошой аварга болсон нэгэн. Тэрбээр хүүхэд төрүүлсэн тул 2004 оны олимпийг өнжиж, 2006 онд их спортоо орхисон ч 2009 онд эргэн ирсэн юм. Энэ шийдвэр нь зөв гэдгийг Лондоны олимпоор харуулсан. Тэрбээр энэ олимпоос хошой хүрэл медаль хүртсэн юм.

Ольга “MATCH TV”-д өгсөн ярилцлагадаа “Өөрийгөө нас харьсан гэж бодохгүй байна. Токиогийн олимпод медальд хүрэхийн төлөө байгаа бүхнээ зориулна. Гэхдээ Оросын спортын ертөнцөд болж буй үйл явдал намайг айлгаж байна. 2020 онд 40 насандаа Оросын нэр дээр олимпод оролцох боломжгүй гэдэгт 99 хувь итгэлтэй байгаа” гэж ярьж байв.

Харин Оросын дугуйн холбооны ерөнхийлөгч Вьячеслав Экимов О.Забелинскаягийн шийдвэрийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм.