Азийн наадам хөшгөө нээлээ

1857

Индонез улсын ерөнхийлөгч Жоко “Жокови” Видодо албан ёсоор Азийн спортын хамгийн том наадмыг нийслэл Жакарта хотын “Гелора Бунг Карно” цэнгэлдэхэд цугларсан 9000 гаруй тамирчин, олон мянган уран сайханч, 40 мянган үзэгчийн өмнө хөшгөө нээв.

Шар тивийнхээ 45 улсын зочид төлөөлөгчийг эх орондоо нөхөрсөгөөр урьж байгаагаа мэдэгдсэн төрийн тэргүүн цэнгэлдэхэд мотоциклтой орж ирсэн юм.

45 улсын 6000 гаруй тамирчин жагсаалд оролцсны дараа Жакарта хотын 18 ахлах сургуулиас сонгогдсон 2200 сурагчид үндэсний саман бүжгээр хурсан олныг баясгалаа.

Ийнхүү Индонез улс хоёр дахь удаагаа Азийн наадмын бамбарыг эх орондоо асаалаа. Өмнө нь тэд 1962 онд Жакартад шар тивийн олимп хүлээн авсан туршлагатай бол өнөөдөр Жакарта болон Палембанг хотод зэрэг зохион байгуулахаар хичээж буй.

Тамирчдын жагсаалын үеэр нүдэнд тусах хүмүүс нь аргагүй л Монголын тамирчид. Улсын харцага, чөлөөт бөхийн ОУХМ, ДАШТ-ий шагналт V байр эзэлж байсан Нацагсүрэнгийн Золбоо эх орныхоо далбааг намируулсаар манай улсын 30 спортын төрөлд өрсөлдөх 300 шахам тамирчдын төлөөлөл цэнгэлдэхэд орж ирсэн юм.

Энэ удаагийн Азийн наадамд монголчуудын сайн өрсөлддөг самбо, кураш, жиүжицү бөхийн төрөл нэмэгдсэн учир манай улс түүхэндээ анх удаа 30 спортын төрөлд 300 шахам тамирчин илгээсэн юм.

Гэрэл зургийг: Э.Харцага