Их аварга Хакүхогийн 41 дэх түрүү

1817

Японы сүмо бөхийн намрын тэмцээний ялагч нь Их аварга Хакүхо байлаа. Өдгөө 33 настай Хакүхо бүтэн жилийн турш гэмтлийн улмаас сайн барилдаж чадаагүй ч эцэст нь 15-0 амжилтаар 41 дэх түрүүгээ авсан юм. М.Даваажаргал аварга тэмцээний сүүлийн өдөр ёкозүна Какүрюү М.Анандыг давснаар унаагүйгээр Эзэн хааны цомыг 14 дэхээ хүртэв.

Их аварга Хакүхо ялалтынхаа дараа “Тэмцээний өмнөхөн 100 хувь бэртлээ эдгээж чадаагүй. Гэхдээ түрүүлсэндээ баяртай байна” гэж ярьсан юм.

Хакүхо аварга дээд зиндаанд 1000-аас дээш даваа авсан анхны бөх болсон билээ. Тэрбээр 2001 оноос хойш мэргэжлийн сүмо бөхөд 1095 ялалт байгуулж, 2004 оноос дээд зиндаанд 1001 удаа өрсөлдөгчөө давсан үзүүлэлттэй. Нийт ялсан тоогоороо озеки асан Кайо (1047), дээд зиндаанд давсан тоогоор ч Кайо (879) удаалдаг. Сонирхуулахад, Хакүхо аварга дээд зиндаанд 1001 ялж, 180 удаа ялагдсан. Хэрвээ тэр энэ үзүүлэлтээ хадгалаад сүмогоо орхивол дээд зиндаанд ялалт, ялагдлын харьцаа хамгийн өндөр хувьтай (84.8%) сүмоч болох юм. Одоогоор Тайхо аварга дээд зиндаанд 11 жил (1960-71) барилдахдаа 746 ялж, 144 унасан үзүүлэлтээр буюу 83.8 хувиар тэргүүлдэг.