UFC 229: Хабиб Нурмагомедов аваргаа хамгаалав

2050

Холимог тулааны UFC холбооноос зохион байгуулсан ОХУ-ын Хабиб Нурмагомедов, Ирландын Конор МакГрегор нарын тулаан дөрвөн үе явагдаж, эцэст нь Хабиб өрсөлдөгчөө боож ялснаар өндөрлөв. Ийнхүү холимог тулааны ертөнцөд ялагдал гээчийг амсаагүй яваа дагестан эр 27 дараалан яллаа. Харин сүүлийн хоёр жил холимог тулааны ертөнцөөс хол явсан Конор 2016 оны гуравдугаар сард Нэйт Диаст ялагдсанаас хойш дөрөв дэх удаагаа хожигдов.

Сонирхуулахад, Конор замналынхаа турш дөрвөн удаа ялагдахдаа бүгдэд нь өчих, боох зэрэг мэхээр, цагаасаа өмнө тэмцээнийг өндөрлөсөн. Сүүлийн хоёр ялагдал нь хоорондоо тун төстэй. Ирланд тулаанч Н.Диаст ялагдсан ч даагаа нэхэх тулаанд шүүгчийн шийдвэрээр ялсан удаатай. Харин энэ удаад дахин тулалдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Шинжээчдийн таамаглаж буйгаар бол Хабиб Нурмагомедов аваргаа хамгаалах дараагийн тулаанаа өнөөдөр өрсөлдөгчөө ялсан Тони Фергюсонтой хийх магадлал их байгаа гэнэ.

Хабиб Нурмагомедов холимог тулаанд нэг ч хожигдоогүй ч дутуу үнэлэгдсэн хүний нэг гэж хэлж болно. Тэр аваргын бүсээ жинхэнэ аваргатай тулалдаж аваагүй. К.МакГрегорыг мөнгө хөөж, бүсээ хамгаалах тулаанаа хийгээгүй учраас аваргын бүсийг нь хурааж, дараа нь Хабиб аварга болсон. Түүний хувьд Конор МакГрегортой хийсэн тулаан зөвхөн аваргын бүсээ хамгаалаад зогсохгүй замналынх нь цаашдын хувь заяаг шийдэх чухал ач холбогдолтой байсан гэхэд болно. Тэрбээр тулааны өмнө UFC.com-д өгсөн ярилцлагадаа “Миний хувьд аваргын бүсээс илүү ялагдаагүй яваа минь үнэ цэнэтэй. Одоо холимог тулааны ертөнцөд 26 дараалан ялсан хэдэн тамирчин байгаа вэ? Би хожигдохыг хүсэхгүй байна. Зөвхөн тулаанд ч бус бүх үед, минут, секундэд ч ялагдахыг хүсэхгүй. Бүх цаг үеийн агуу тулаанч болохыг хүсч байна” гэж ярьсан юм.