Санхүү: NBA-гийн 2018-19 оны хамгийн өндөр цалинтай тоглогчид

1905

Энэ улирлын хамгийн өндөр цалинтай тоглогч бол “Голден Стэйт Уорриорс”-ын холбогч Стеф Карри юм. Тэрбээр хоёр дахь улирлаа дараалан авч буй цалингаараа мэргэжил нэгтнүүдээ тэргүүлж байгаа билээ.

Анх NBA-д орж ирээд их бэртдэг байсан тул дундаж цалингаар гэрээгээ сунгаж байсан тэр өнгөрсөн улирлаас Леброн Жэймсийн халааг авч, лигийн хамгийн үнэтэй тоглогч болсон юм.

Тэгвэл энэ улиралд хамгийн их цалин авч буй 24 тоглогч бүгд 25 саяас ихийг “халаасалж” байна. Бид Spotrac.com цахим сайтын мэдээллийг үндэслэж, энэ улирлын хамгийн өндөр цалинтай 24 тоглогчийг танилцуулья.


24. Жруй Холидэй – $25.40 сая 

  • Баг: Нью Орленс Пеликанс
  • Байрлал: Холбогч
  • Гэрээ: 5 жил, $131.8 сая
  • Товч: Ж.Холидэйг хамгийн азтай тоглогчдын тоонд оруулж болно. “Пеликанс” ДеМаркус Казинсыг солилцоогоор авсныхаа дараа Ж.Холидэйг чөлөөт агентаар явуулж, түүний оронд авчрах холбогч байгаагүй тул хүссэн гэрээг нь өгөхөөс өөр аргагүй болсон юм.

=20. Брэдли Бийл – $25.43 сая

  • Баг: Вашингтон Визардс
  • Байрлал: Хамгаалагч
  • Гэрээ: 5 жил, $127.2 сая
  • Товч: Б.Бийл лигт орж ирээд мөн л гэмтлийн асуудалтай байсан ч сүүлийн хоёр улиралд таван тоглолт өнжсөн. Нэг тоглолтод дунджаар 23 оноо авдаг өсч яваа тоглогчоо зүгээр алдахыг “Вашингтон”-ы удирдлагууд хүсээгүй нь тодорхой.

=20. Хассан Уайтсайд – $25.43 сая

  • Баг: Майами Хит
  • Байрлал: Төв
  • Гэрээ: 4 жил, $98.4 сая
  • Товч: 2010 оны драфтаар лигт элссэн ч эхний дөрвөн улиралдаа 19 тоглолтод оролцож байв. “Майами Хит” багт өөрийгөө харуулж чадсан Х.Уайтсайд макс гэрээ байгуулсан боловч өнгөрсөн улиралд тааруухан тоглосон юм. Баг нь түүнийг солилцох хүсэлтэй байсан ч авах баг олдоогүй.

=20. Андре Драммонд – $25.43 сая

  • Баг: Детройт Пистонс
  • Байрлал: Төв
  • Гэрээ: 5 жил, $127.2 сая
  • Товч: Андре Драммонд лигт өнгөрүүлсэн эхний таван улиралд чөлөөт шидэлтээ 38%-тай гүйцэтгэж байсан бол сүүлийн хоёр улиралд 61% болж өсчээ.

=20. Энтони Дэвис – $25.43 сая

  • Баг: Нью Орленс Пеликанс
  • Байрлал: Хүчний довтлогч
  • Гэрээ: 5 жил, $127.2 сая
  • Товч: Энэ зун агентаа сольж, Леброн Жэймсийн дотны найз “Klutch Sports Group”-ийн Рич Полтой хамтрах болсон. Одоо түүнийг “Лэйкерс”-т очно гэж олон хүн таамаглаж байна.

=18. Жоэл Эмбийд – $25.5 сая

  • Баг: Филадельфи 76
  • Байрлал: Төв
  • Гэрээ: 5 жил, $147.7 сая
  • Товч: Ж.Эмбийд хүнд бэртэл авбал (замнал нь дуусч болох хүнд бэртэл) “76” баг түүнийг гэрээг цуцлах боломжтой. Тодруулбал, нэг улиралд 25 тоглолт болон 1,650 минутаас бага минут талбайд гарвал гэрээг нь цуцалж, чөлөөт агент болгох давуу эрхтэй юм.

=18. Андрей Уиггинс – $25.5 сая

  • Баг: Миннесота Тимбэрволвес
  • Байрлал: Довтлогч
  • Гэрээ: 4 жил, $147.7 сая
  • Товч: “Кливлэнд”-ээс солилцоогоор ирсэн эхний гурван улиралдаа А.Уиггинс 24 оноо дунджилдаг тоглогч болж дэвшсэн. Харамсалтай нь, шинэ гэрээ байгуулаад сүүлийн хоёр улиралд 17.6 оноо дунджилж байна.

17. Си.Жэй. МакКоллум – $25.8 сая

  • Баг: Портлэнд Трэйлблазерс
  • Байрлал: Хамгаалагч
  • Гэрээ: 4 жил, $106.6 сая
  • Товч: Си.Жэй.МакКоллум нэг улирал гарааны тоглогч байсныхаа төлөө макс гэрээний санал сонссон. Түүнээс хойш сүүлийн хоёр улиралд тэр 22.2 оноо дунджилж байгаа юм.

16. Отто Портэр Жуниор – $26 сая

  • Баг: Вашингтон Визардс
  • Байрлал: Довтлогч
  • Гэрээ: 4 жил, $106.5 сая
  • Товч: Шак түүнийг “Сакраменто Кингс” багт харахыг хүссэн ч “Вашингтон” сул явуулахыг хүсээгүй. Үр дүнд нь тэр хамгийн өндөр цалинтай тоглогчийн нэг болсон юм.

15. ДеМар Дерозан – $27.7 сая

  • Баг: Сан Антонио Спэрс
  • Байрлал: Хамгаалагч
  • Гэрээ: 5 жил, $139 сая
  • Товч: Д.Дерозан 2016 онд шинэ гэрээ байгуулахад NBA-гийн түүхэнд хоёрдугаарт бичигдэх өндөр дүнтэй байв. Харин одоо тэр энд жагсаж байна.

14. Дамиан Лиллард – $28 сая

  • Баг: Портлэнд Трэйлблазерс
  • Байрлал: Холбогч
  • Гэрээ: 5 жил, $140 сая
  • Товч: Д.Лиллард “Деррик Рөүс”-ийн дүрмийг ашиглаж, цалингаа 15 саяар ахиулж чадсан тоглогч. Уг дүрмэнд анх удаа гэрээгээ сунгаж буй залуу тоглогч тодорхой шалгуур давбал макс гэрээндээ 30% нэмэгдэл авч болох аж. Д.Лиллард Бүх NBA-гийн багт хоёр удаа нэрлэгдсэн тул дээрх болзлыг биелүүлсэн юм. Деррик Рөүсийн дүрэм хэмээн нэрлэх болсон нь Д.Рөүз MVP болсон улирлынхаа дараа гэрээгээ шинэчилж, уг дүрмийг ашигласан анхны тоглогч болсон билээ.

13. Ол Хорфорд – $28.9 сая

  • Баг: Бостон Селтикс
  • Байрлал: Төв
  • Гэрээ: 4 жил, $113.3 сая
  • Товч: “Селтикс” баг Кайри Өрвинг, Гордон Хэйвард нартай гэрээ байгуулахаасаа өмнө Ол Хорфордод өндөр цалин өгч байв.

12. Пол Миллсап – $29.2 сая

  • Баг: Денвер Наггетс
  • Байрлал: Хүчний довтлогч
  • Гэрээ: 2 жил, $61 сая
  • Товч: “Денвер” 2017 оны зун түүнд ийм санал тавьсан. П.Миллсапын хуучин баг болох “Атланта Хоукс” багаа шинэчлэх бодлого барьсан тул түүнийг үлдээх ямар ч санал тавиагүй гэдгийг хожим агент нь ярьсан билээ.

11. Кевин Дюрант – $30 сая

  • Баг: Голден Стэйт Уорриорс
  • Байрлал: Довтлогч
  • Гэрээ: 2 жил, $61.5 сая
  • Товч: Сүүлийн жилээ цуцлах давуу эрхтэйгээр гэрээ байгуулсан тул тэр ирэх зун ч бас “хүн зах”-ын гол бараа болох төлөвтэй.

10. Жэймс Харден – $30.4 сая

  • Баг: Хьюстон Рокитс
  • Байрлал: Хамгаалагч
  • Гэрээ: 4 жил, $118 сая
  • Товч: Ж.Харденгийн гэрээгээр дундаж авах жилийн цалин нь 42.3 сая ам.доллар. Энэ дүнгээр тэр одоогоор бусад тоглогчдоо тэргүүлж байгаа юм.

9. Майк Конли – $30.5 сая 

  • Баг: Мэмфис Гриззлис
  • Байрлал: Холбогч
  • Гэрээ: 5 жил, 152.6 сая
  • Товч: 2016 онд тэр энэ гэрээгээ байгуулж байхдаа лигийн түүхэнд хамгийн өндөр цалинтай тоглогчоор тодорч байв.

8. Пол Жорж – $30.6 сая

  • Баг: Оклахома Сити Тандер
  • Байрлал: Довтлогч
  • Гэрээ: 3 жил, $100 сая
  • Товч: “Оклахома Сити Тандер” NBA-гийн түүхэнд томоохонд тооцогдох эрсдэл гаргаж, ирэх зун нь чөлөөт агент болох боломжтой Пол Жоржийг багтаа авсан. “Лэйкерс” түүнийг авах гэж “хуруугаа ч хөдөлгөөгүй” нь П.Жорж-д нэгийг бодогдуулж, тэр багтаа үлдэхээр шийдвэрлэсэн юм.

7. Кайл Лоури – $31 сая

  • Баг: Торонто Рэпторс
  • Байрлал: Холбогч
  • Гэрээ: 3 жил, 100 сая
  • Товч: К.Лоуригийн гэрээнд хоёр сая ам.долларын урамшуулал авахаар заасан байгаа. Гэхдээ тэр урамшууллаа авахын тулд Бүх оддын тоглолтод нэрлэгдэж, Бүх NBA болон хамгаалалтын багт багтах ёстой. Мөн “Рэпторс” багтай аварга авсан тохиолдолд урамшуулал авах тухай ч бий. Энэ бүхний эцэст хамгийн чухал нь тэр жил бүр 65 тоглолтод оролцож, багадаа 25 минут талбайд байх ёстой юм.

6. Гордон Хэйвард – $31.2 сая

  • Баг: Бостон Селтикс
  • Байрлал: Довтлогч
  • Гэрээ: 4 жил, 127.8 сая
  • Товч: 2017 оны чөлөөт агентын гол хөдөлгөөн нь тэр байсан ч улирлын эхний тоглолтод шагайгаа гэмтээгээд талбайг орхисон гашуун түүхтэй.

5. Блэйк Гриффин – $31.9 сая

  • Баг: Детройт Пистонс
  • Байрлал: Хүчний довтлогч
  • Гэрээ: 5 жил, $171.2 сая
  • Товч: Б.Гриффин “Лос Анжелес Клипперс” багтайгаа макс гэрээг байгуулаад долоон сарын дараа “Детройт Пистонс” руу солилцоогоор явсан юм.

=2. Крис Пол – $35.7

  • Баг: Хьюстон Рокитс
  • Байрлал: Холбогч
  • Гэрээ: 4 жил, $159.7 сая
  • Товч: “Хьюстон” түүнийг солилцоогоор авчрахаас өмнө макс гэрээгээр сунгах амлалт өгсөн гэдэг. Ийм тохиролцоонд хүрсэн К.Пол багаа солихоос дургүйцаагүй юм.

=2. Рассел Уэйстбрук – $35.7

  • Баг: Оклахома Сити Тандер
  • Байрлал: Холбогч
  • Гэрээ: 5 жил, $206.8 сая
  • Товч: Одоогийн байдлаар нийт гэрээний дүнгээр түүнийг давах тоглогч үгүй.

=2. Лэброн Жэймс – $35.7

  • Баг: Лос Анжелес Лэйкерс
  • Байрлал: Довтлогч
  • Гэрээ: 4 жил, $153.3 сая
  • Товч: Л.Жэймс энэ багт дөрвөн жилийн гэрээ байгуулсан нь анх “Кливлэнд”-ийг орхиод “Майами Хит” багтай зургаан жилийн гэрээ үзэглэсний дараа орох урт хугацааны гэрээ юм.

1. Стеф Карри – $37.5 сая

  • Баг: Голден Стэйт Уорриорс
  • Байрлал: Холбогч
  • Гэрээ: 5 жил, $201.2 сая
  • Товч: С.Карригийн шинэ гэрээ тухайн цаг үедээ хамгийн өндөр дүнтэй гэрээгээр тодорсон юм.