NHL: Сеатл хот 2021-22 оны улирлаас хоккейн багтай болно

981

Сеатл хот NHL-ийн багтай болохыг Удирдах зөвлөлийн саналаар зөвшөөрсөн юм. Ингэснээр тус лигийн 32 дахь багийг 2021-22 оны улиралд бид харах боломжтой аж.

Энэ хотынхон мэргэжлийн спортод багтай болохыг тэсч ядан хүлээж байлаа. Үүний нэг илрэл нь шинэ багтай болох нь тодорхой болсны дараа 32 мянган улирлын тасалбар зарагдсан гэнэ. Одоогийн “Seattle Center Arena” буюу хуучнаар “Key Arena”-д улирлын тоглолтоо хийх бөгөөд ордонг шинэчлэх ажилд 700 сая ам.доллар зарцуулахаар болжээ. Тус ордонд 2008 оныг хүртэл “Сеатл Суперсоникс” хэмээх NBA-гийн баг тоглолтоо хийдэг байсан юм. Хожим энэ баг “Оклахома Сити Тандер” нэртэй болж, өөр Оклахома руу нүүсэн билээ.

Багийнхаа нэрийг хараахан өгөөгүй байгаа ч шинэхэн баг Пакифик дивизионд харьяалагдах болсон юм. Харин “Аризона” баг төвийн бүс рүү нүүхээр боллоо.

Шинэ клубийн эзнээр кино найруулагч Жерри Брукхаймер, тэрбумтан Дэвид Бондерман тэргүүтэй баг NHL-д 650 сая ам.доллар төлснөөр баг байгуулах эрхээ авчээ.