Бокс: Н.Төгсцогт – К.Маррейро тулааныг албан ёсоор зарлав

1234

Мэргэжлийн боксын ертөнцөд эх орныхоо нэрийг гаргаж яваа боксчин Нямбаярын Төгсцогтын 11 дэх тулааны тов тодорхой боллоо. Тэрбээр ирэх нэгдүгээр сарын 26-нд АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт орших “Barclays Center”-т тулалдах юм.

Манай тамирчны өрсөлдөгч нь Доминиканы тулаанч, өмнө нь дэлхийн аварга цол эзэмшиж байсан Клаудио Маррейро (23-2, 17 КО) юм. Энэ жил 29 настай латин эр өнгөрсөн дөрөвдүгээр сард Мексикийн Хорхе Лараг эхний үед хүнд цохилтоор буулган авсан юм. 

Клаудио Маррейро

Харин манай тамирчин, өдгөө 26 настай Нямбаярын Төгсцогт (10-0, 9 КО) өнгөрсөн тавдугаар сард цагтаа дэлхийн аваргын бүс эзэмшиж байсан Колумбын Оскар Эскандонг гуравдугаар үед ялсан билээ. 

Харин одоо энэ хоёрын тулаанд ялсан нь WBC холбооны аваргын бүс эзэмшиж байгаа АНУ-ын тулаанч Гари Расселтай (29-1, 17 КО) тулалдаж магадгүй. Америк эр замналынхаа турш Украины Василий Ломаченкод шүүгчийн шийдвэрээр ялагдсаныг эс тооцвол үлдсэн бүх тулаандаа илүүрхсэн. 2015 оноос хойш WBC холбооны аваргын бүсийг эзэмшиж буй. Хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сард Жосеп Диасыг ялж, аварга цолоо хамгаалсан нэгэн.   

WBC холбооны аваргын бүс эзэмшигч Гари Рассел

Ирэх нэгдүгээр сарын 26-нд Бруклинд болох боксын гол тулаан бол WBA холбооны аваргын бүс эзэмшигч Кэйт Турманых (28-0, 22 КО) байх юм. Гэмтлийн улмаас сүүлийн 22 сар их спортоос хөндийрсөн Кэйт Турман аваргын бүсээ хамгаалах найм дахь тулааныг Жосесито Лопесын (36-7, 29 КО) эсрэг хийнэ.

Түүнчлэн энэ өдөр польш гаралтай америк боксчин Адам Ковнацкий, аваргын бүсийн төлөө өрсөлдөж байсан Жералд Вашингтон нар тулалдахаар болжээ.