Гэмт хэрэг: Денис Тенийн хэрэг захиалгат аллага байсан уу

690

Казахстаны уран гулгагч Денис Тенийг дээрэмдэж байхдаа хөнөөсөн хэрэгт хоёр хүнийг буруутгаж буй. Гэхдээ энэ хэрэгт өөр нэг сэжигтэн бий талаар өмгөөлөгчид нь гомдол мэдүүлж, мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байгаагаа шүүхэд илэрхийлэв.

Энэ хэргийн хохирогчийн талын өмгөөлөгч Нурлан Устемировын хэлж буйгаар бол аллага зүгээр нэг дээрэмдэх зорилготой байгаагүй, үүнийг захиалгат аллага байх магадлалтай учир мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байгаа юм.

“Гэмт хэрэгт холбогдсон хүмүүст нэмэлт мөрдөн байцаалт явуулахыг хүсч байна. Шүүхэд танилцуулсан эд мөрийн баримтууд хоорондоо зөрчилдөж байгаа юм. Үүнээс үзвэл энэ хэрэгт захиалагч байсан юм биш биз гэсэн хардлага бий” гэж өмгөөлөгч ярьжээ.

Түүнчлэн “Сэжигтэн Нуралы Киясов түүнийг урдаас нь цохисон гэж мэдүүлсэн. Гэхдээ хэрэг болох явцад сэжигтэн хохирогчийн урд биш хойно байсан шүү дээ. Түүний мэдүүлж байгаа үнэн бол энэ нь мэргэжлийн алуурчны л хийж чадах үйлдэл. Хэрэг болсон гэх үеийн бичлэгийг үзэхээр өөр нэг хүн зугтаж байгаа нь гардаг. Үүнээс үзвэл хоёр бус гурван хүний хийсэн хэрэг байж болзошгүй” гэж тодруулсан юм.

Денис Тен 2014 онд Сочигийн олимпоос хүрэл медаль хүртэж байв. Харамсалтай нь, өнгөрсөн долдугаар сард дээрэмчдэд хутгалуулаад гурван литр цус алдаж амь насаа алдсан. Түүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй юм. Цагдаа нар энэ хэрэгт холбогдуулж, 24 настай Нуралы Киясов, 23-тай Арман Кудайбергенов нарыг баривчилсан юм. Тэдний мэдүүлгээр толийг нь дээрэмдсэн автомашин Денис Тенийх гэдгийг мэдээгүй, түүнийг алах зорилготой байгаагүй гэсэн юм.