Талбайн теннис: 53 дахь тулаан

624

Австралийн нээлттэй тэмцээний шигшээ тулаан энэ цаг үеийн шилдгүүд болох Новак Жокович, Рафаэль Надаль нар шигшээ тулаанд өрсөлдсөн юм.

Талбайн теннисний мөрөөдлийн тулаанд Сербийн Новак Жокович илүүрхэв. Тэрбээр 6:3, 6:2, 6:3-аар гол өрсөлдөгчөө ялж, Австралийн нээлттэй тэмцээнд долоо, Их Дуулгын 15 дахь түрүүгээ авсан юм. Дэлхийн чансааг итгэл төгс тэргүүлж буй Н.Жокович энэ тулаанд ялснаар ялалт, ялагдлын харьцаа нь 28:25 боллоо. 2006 оноос хойш 13 жил үргэлжилж буй тэдний өрсөлдөөнд эхэндээ Р.Надаль илт давамгайлдаг байлаа. Гурван жилийн дотор Р.Надаль 14 ялж, дөрөвхөн удаа хожигдсон ч 2011-12 оны хооронд харьцаа 14:16 болсон түүхтэй. Дараа жил нь Р.Надаль зургаа ялж, нэг хожигдсон үзүүлэлтээр илүү давамгайлах болсон ч 2015 оноос хойш Н.Жокович илүүрхсэн юм. Итали болон Мадридын шороон талбайг эс тооцвол сүүлийн 11 халз тулааны 9-д серб залуу тэргүүлсэн.

Р.Надалийн хувьд байнга түрүүлдэг Парисын Их Дуулга тэмцээнд завсар оруулсан ганц хүн бол Н.Жокович. Одоогоос дөрвөн жилийн өмнөх Парисын Их Дуулгад Н.Жокович гол өрсөлдөгчөө ялж, анх удаа шороон талбайн Их Дуулгад түрүүлж байв.

Их Дуулгад түрүүлсэн тоогоороо Швейцарийн Рожер Федерер тэргүүлж буй. “Швейцарь маестро” 20 түрүүлсэн үзүүлэлтээр тэргүүлдэг бол араас нь Р.Надаль 17, Н.Жокович 15 түрүүлсэн амжилтаар удаалж буй. Н.Жоковичийн хувьд сүүлийн гурван Их Дуулгад дараалан түрүүлснээр өөрийн шүтээн Пете Сампрасын 14 түрүүлсэн амжилтыг давлаа.