Допинг: Румыний хүндийг өргөлтийн тамирчнаас хориотой бодис илэрчээ

967

Румыний хүндийг өргөлтийн тамирчин 2012 оны Лондоны олимпийн үеэр допинг хэрэглэсэн нь батлагдлаа.

Ийнхүү Лондоны олимпод оролцсон Румыний хүндийг өргөлтийн бүх тамирчид болох гурван эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин допингийн шинжилгээнд бүдэрсэн нь тодорхой болжээ. Олон улсын олимпын хорооноос тэдгээр тамирчдыг анаболик стероид хэрэглэж байсан хэмээн зарласан юм.

Бээжин болон Лондоны олимпийн үеэр авсан допингийн шинжилгээг дахин нягталж үзтэл зөвхөн хүндийг өргөлтийн төрлөөр 60 тамирчин бүдэрсэн нь өөр аль ч спортой харьцуулсан өндөр тоо аж.

Риогийн олимпийн 85 кг-д хүрэл медаль хүртсэн Румыний туйванч Габриэл Сынкрэянээс допинг илэрч, медалийг нь хураагаад зогсохгүй тэмцээнд оролцох эрхийг нь найман жилээр хассан. Өдгөө 31 настай Габриэл анх 2013 онд хориотой бодис хэрэглэсэн хэмээн хоёр жилээр эрхээ хасуулсан бол Риогийн олимпод оролцох үедээ хүч тамир нэмэгдүүлэх бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдож, найман жилээр эрхээ хасуулсан юм.

Өнгөрсөн гуравдугаар сард Европын аварга Флорин Кройторү, Развин Мартин, Роксана Кокос нараас допинг илэрч дуулиан тарьж байв.

Румын улс допингийн асуудлаас болоод нутагтаа тэмцээн уралдаан зохион байгуулах эрхээ алдсан. Ирэх гуравдугаар сард тус улсад өсвөрийн ДАШТ болох байсан ч энэ мэт олон асуудлаас болоод тус эрхийг Египет рүү шилжүүлсэн билээ.