Жүдо: Рафаэла Сильва хоёр жилээр эрхээ хасуулав

1345

Жүдогийн төрлөөр Бразилын анхны аварга болсон Рафаэла Сильва допингийн шинжилгээнд бүдэрч, эрхээ хоёр жилээр хасуулсан билээ. Р.Сильва энэ шийдвэрийг эсэргүүцэж, спортын арбитрын шүүхэд хандахаар болсон юм.

Энэ жил 27 настай, жүдоч Рафаэла Сильва өнгөрсөн оны наймдугаар сарын 9-нд буюу Пан Америкийн наадамд түрүүлснийхээ маргааш нь допингийн шинжилгээнд бүдэрсэн болохыг мэдэгдсэн билээ. Р.Сильвагаас астматай хүн хэрэглэдэг фенотерол хэмээх бодис илэрсэн юм.

Пан Америкийн наадамд түрүүлсэн амжилтыг нь хүчингүйд тооцож, алтан медалийг нь хураагаад зогсохгүй хоёр жил барилдах эрхийг нь хассан.

Тэгвэл Р.Сильва энэ шийдвэрийг эсэргүүцэж, спортын арбитрын шүүхэд хандах болсноо зарлав. Өөрийгөө буруутай гэж үзэхгүй байгаа тул нутгийнхаа “Фрэнклин Адвогадос” хэмээх хуулийн фирмтэй хамтран ажиллах болсноо мэдэгдлээ.

Р.Сильва өөрийгөө буруутай гэж үзэхгүй байгаа нь шалтгаантай. Пан Америкийн наадмаас ердөө гурван долоо хоногийн дараа Токиогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Энэ үеэр өгсөн допингийн шинжилгээнд цэвэр гарсан юм.

Бразилын жүдо бөхийн холбоо ч бас тамирчныхаа талд байгаагаа мэдэгдсэн юм.

Р.Сильва бол Бразилын ядуусын хорооллоос тодорсон спортын алдартан. Тэрбээр 2013 онд жүдогоор ДАШТ-д түрүүлсэн бол Риогийн олимпод алтан медаль хүртэж, шинэ хуудас нээсэн билээ. Гэхдээ спортын арбитрын шүүхэд ялагдал хүлээвэл Токиогийн олимпод зодоглох боломжоо алдах юм.