Бокс: Тайсон Фюри WBC холбооны дэлхийн аварга боллоо

1158

Тайсон Фюри таван жил дэлхийн аваргын бүс эзэмшсэн Дэонтай Уайлдерийг яллаа.

Мэргэжлийн боксын хүнд жингийн шилдэг төлөөлөгчид болох Их Британийн Тайсон Фюри, АНУ-ын Дэонтэй Уайлдер нарын хоёр дахь халз тулаан шоу цэнгээний нийслэл Лас Вегас хотод боллоо.

Одоогоос жил хагасын өмнө буюу 2018 оны хоёрдугаар сард хоёр боксчин Лос Анжелес хотод тулахад тэнцээгээр өндөрлөж, Д.Уайлдер аваргын бүсээ хадгалж үлдсэн билээ. Түүнээс хойш Германы Том Шварц, Шведийн Отто Уоллен нарыг ялснаар Т.Фюри дахин аваргын бүсийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм.

Эхний тулаанаас хойш Д.Уайлдер мөн л хоёр удаа аваргын бүсээ хамгаалсан. Тэрбээр нутаг нэгт Доминик Брийзил, Кубын Луис Ортиз нарыг хүнд цохилтоор буулган авсан юм.

Одоогоос таван жилийн өмнө Т.Фюри дэлхийн хамгийн алдартай боксчин болсон билээ. Тэрбээр Украины алдарт Владимир Кличког ялснаар WBC-гээс бусад бүх холбооны аваргын бүс эзэмшиж байв. Гэнэтхэн алдартай нэгэн болсон нь түүний амьдралд нөлөөлж, багагүй хугацаанд сархад, хар тамхитай нөхөрлөж, бэлтгэлээ хийхээ больсноор британи эр аваргын бүсээ хамгаалах тулааныг хийж чадалгүй, цолоо хураалгасан юм.

Цолоо хураалгасан Т.Фюри рингэндээ эргэн ирэхээр төлөвлөж, богино хугацаанд 40 гаруй кг хасч, хар тамхинаас татгалзжээ.

Рингэндээ эргэн ирээд хоёр ч тулаан хийсний дараа WBC холбооны бүсийн төлөөх эхний дайралтаа хийсэн юм. Д.Уайлдертай хийсэн тэр тулаан 12 үе үргэлжилсэн ч ялагч тодроогүй.

Харин энэ удаад тийм зүйл болсонгүй. Т.Фюри тулааны эхнээс л санаачилгыг гартаа авч, долдугаар үе хүртэл нэг бус удаа өрсөлдөгчөө унагасан. Эцэст нь Д.Уайлдерын дасгалжуулагч бууж өгснөөр Т.Фюри WBC холбооны аваргын бүс эзэмших боллоо. Түүнд ялагдсан Д.Уайлдер эмнэлэгт хүргэгдсэн юм.

Ийнхүү хүнд жингийн дэлхийн аваргын бүх бүс англичуудын мэдэлд очлоо. WBA, IBF, WBO болон IBO холбооны аваргын бүсийг Энтони Жошуа эзэмшдэг. Саяхныг хүртэл ялагдаагүй явсан Э.Жошуа мексик гаралтай америк тулаанч Энди Руизт дийлдсэн ч хариу тулаандаа ялснаар аварга цолоо эргүүлэн авсан билээ.

Их Британийн алдарт боксын промоутер Эдди Хирн Т.Фюригийн дараагийн өрсөлдөгч Э.Жошуа байх болно гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм. Хэрвээ хоёр тулаанч тохиролцож чадвал энэ оны сүүлээр тулаанд бэлдэж эхэлнэ.