Оюутны спортын V наадам ирэх сарын 2-нд нээлтээ хийнэ

1815

Монгол Улсын Засгийн газар, БШУЯ, Биеийн тамир спортын Улсын хороо, Монголын оюутны холбоо болон Монголын оюутны спортын холбоод хамтран “Оюутны спортын V наадам” зохион байгуулахаар төлөвлөсөн. Ирэх сарын 2-ноос арванхоёрдугаар сарын 10-нд хүртэл бүтэн сарын турш оюутнууд авхаалж самбаагаар өрсөлдөх юм.

Энэ хүрээнд зохион байгуулагчид өнөөдөр “Монгол Ньюс” компанийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарласан юм. Энэ удаагийн наадамд 93 их дээд сургуулийн 150 мянга орчим оюутан суралцагчид спортын 10 төрлөөр өрсөлдөх юм.

Уг наадам анх 2005 онд зохион байгуулагдсан. Түүнээс хойш дөрвөн жилд нэг удаа буюу 2009, 2013, 2017 онд явагдсан юм. Харин энэ жилээс дэлхийн оюутны Универсиадын жишгийн дагуу хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагдахаар болжээ.

Цар тахлын улмаас оюутны спортын наадам төлөвлөсөн хугацаанаасаа хоёр удаа хойшлогдож, багагүй саад бэрхшээлтэй тулгарсан юм. Энэ удаагийн тэмцээнд оролцох тамирчдыг анх удаа цахимаар бүртгэсэн бөгөөд БТСУХ-ны Sportgames.mn вэб сайтаар мэдээлэл хүлээн авах боломжтой аж.

Наадмын нээлтийн үйл ажиллагаа ирэх сарын 2-нд 14:30 минутаас СТО-ны “А” зааланд болно. Нээлтэнд 40 орчим их дээд сургуулийн 1500 гаруй оюутнууд оролцох юм.

Хуваарь

ТөрөлХуваарьХаана
ВолейболXI.30 – XII.6ШУТИС болон МУИС-ын спорт зааланд
ГандболXI.9- 12Буянт-Ухаа спортын ордон
ЖүдоXI.19 – 20“Алдар” спорт хорооны зааланд
Сагсан бөмбөгXI.3 – 8СТО-ны “А” заал, МУБИС-ын спорт зааланд
ТаеквондоXI. 16 – 17“Мон-Алтиус” БТДС-ийн зааланд
ФутзалXI.26 – 28МХХ-ны Футзалын ордонд
ЧирлидингXI.14МУИС-ийн спорт зааланд
Чөлөөт бөхXI.21 – 22“Алдар” спорт хорооны зааланд
ШатарXII.1 – 3МҮЭСТО-ны спорт заал
Ширээний теннисXII.4 – 5МҮЭСТО-ны спорт заал