Палестинийг дэмжсэн олимпын аваргын эрхийг хасав

1947

ОХУ-ын жүдоч, олимпын аварга Хасан Халмурзаев цахим хуудсаараа дамжуулан Палестинийг дэмжсэн тул эрх хасах болов.

Риогийн олимпын аварга, ДАШТ-ий хүрэл медальт, ОХУ-ын жүдоч Хасан Халмурзаев өнгөрсөн долоо хоногт инстаграм хуудсандаа Палестинийг дэмжсэн видео бичлэг оруулсан тул ОХУ-ын жүдо бөхийн холбооноос арга хэмжээ авч, тамирчны эрхийг хассан байна.

Оросын жүдо бөхийн холбооноос IJF-д (Олон улсын жүдо бөхийн холбоо) захидал илгээсэн юм. Тус захидалд тамирчдаа улс төрийн үзэл бодлоо олон нийтийн хуудсанд илэрхийлэхийг хориглодог. Олон улсын жүдо бөхийн холбооноос баримталдаг дүрэм журмыг биелүүлдэг гэдгээ онцлоод тухайн тамирчны эрхийг хассан гэдгээ мэдэгджээ.

IJF Израилтай холбоотой асуудалд их хатуу ханддаг. Дөрвөн жилийн өмнө Ираны Засгийн газраас Саиед Моллайег Израилийн жүдочтой барилдахаас татгалзахыг шаардсаны төлөө Ираны жүдо бөхийн холбооны үйл ажиллагааг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан билээ.

Х.Халмурзаев Хойд Кавказын бүс нутагт байрлах Ингушетэд төрж, муслим шашинт гэр бүлээс гаралтай жүдоч юм. Асуудал хүндэрсэн тул инстаграм дахь постоо устгасан төдийгүй өнгөрсөн зургадугаар сард Х.Халмурзаевын IJF-д өгсөн албан ёсны ярилцлагыг устгасан аж.