Саид Моллай “Парис 2024”-т Азербайжаны нэр дээр оролцоно

843

Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурал Энэтхэгийн Мумбай хотноо болж буй. Энэ хурлаар гурван тамирчны иргэншлээ солих асуудлыг хэлэлцсэн юм.

Олимпын мөнгө, ДАШТ-ий алтан медальт Саид Моллай тэргүүтэй гурван тамирчны иргэншлийг солих асуудлыг хэлэлцэв.

Энэ жагсаалтад С.Моллайгийн хамтаар туялзуур сэлэмчин Максин Эстебан Филиппинээс Зааны ясан эрэг рүү, биатлонч Кэмпбэлл Райт Шинэ Зеландаас АНУ-ын тамирчин болж байгааг баталжээ.

С.Моллай “Парис 2024”-т оролцох нь тодорхой болвол гурван өөр улсын нэр дээр олимпод орсон цөөхөн тамирчдын нэг болно.

Олимпын түүхэнд нийт 98 тамирчин гурван өөр улсын нэр дээр наадамд оролцсон түүхтэй. Гэхдээ тэдгээрийн ихэнх нь Зөвлөлт холбоот улс болон Югославын тамирчид байдаг аж.

Гурвын харайлтын тамирчин Ямиле Алдама гурван өөр улсын нэр дээр олимпод оролцсон цөөхөн тамирчдын нэг билээ.

Кубад төрсөн нэрт хөнгөн атлетикч, гурвын харайлтын тамирчин Ямиле Алдама гурван өөр улсын нэр дээр олимпод оролцож байлаа. Өдгөө 51 настай Я.Алдама 2000 оны Сиднейн олимпод Куба, 2004 оны Афины олимпод Судан, 2012 оны Лондоны олимпод Их Британийн нэр дээр оролцсон түүхтэй.