Өвлийн олимп: Урд хөршид дэлбэрэлт болж, олон хүн амь насаа алджээ

779

БНХАУ-ын Жанжиакоу (Монголоор Хаалган буюу Жанчхүү) хотод 2022 оны өвлийн олимпийн зарим тэмцээн болно. Тэгвэл энэ хотод дэлбэрэлт болж, үүний улмаас 22 хүн амь насаа алдаж, мөн 22 хүн гэмтэл авчээ.

Хятадын Шинхау агентлагийн мэдээлснээр тус хотод орших химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, олон хүн амиа алдсан байна. Одоогоор дэлбэрэлт юуны улмаас гарсан нь тодорхойгүй, орон нутгийн цагдаагийнхан мөрдлөг хийж байгаа гэж мэдэгдсэн юм.

Нийслэл Бээжингээс 156 км зайд орших Хаалган  хотод өвлийн олимпийн уулын спортын төрлүүд болно. Тодруулбал, уулын цана, сноубордын төрөл энэ бүс нутагт зохиогдох аж.

Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байна

Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч урд хөршид үе үе хүний буруутай үйл ажиллагаанаас болоод үйлдвэрт дэлбэрэлт болдог гашуун туршлага бий. 2015 оны наймдугаар сард Тяньжин хотод химийн агуулах дэлбэрч, 165 хүн амиа алдсан. Өнгөрсөн долдугаар сард Сычуан хотод мөн дэлбэрэлт гарч, 19 хүн бурхан болсон юм.

Тяньжинд болсон дэлбэрэлтийн шалтгааныг хожим тодруулсан бөгөөд аюултай эд зүйлийг зориулалтын бусаар хадгалсан гэж үзсэн аж.