МҮОХ: 2030 оны Азийн олимпын хотыг шилэн сонгоно

1515

Азийн олимпын зөвлөл ( ОСА )-ийн 39 дүгээр ерөнхий ассамблей нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Оман улсын нийслэл Мускат хотноо цахимаар хуралдаж, тус зөвлөлийн гишүүн 45 Үндэсний олимпын хорооны төлөөлөгчдийн санал хураалтаар 2030 оны Aзийн XXI наадмыг зохион байгуулах хотыг эцэслэн сонгох бөгөөд уг эрхийн төлөө Катарын Доха , Саудын Арабын Рияад ширүүн өрсөлдөж буй юм. Персийн булангийн баян хотын нэг Доха нь 2006 оны Азийн олимпыг арабын ертөнцөд анх удаа амжилттай зохион байгуулсан туршлагатайгаас гадна хоёр жилийн дараа дэлхийн хөлбөмбөгийн цом булаалдах тэмцээнийг Катарт хүлээн авахаар шаргуу бэлтгэж буй билээ. Сүүлийн жилүүдэд спортын салбарт шинэчлэл өөрчлөлт хийж буй Саудын Араб нь нийслэл хотдоо Азийн наадмыг анх удаагаа урин залахаар зүтгэж буй ажээ.

Энэтхэгийн Дели хотоос 1951 онд гараагаа эхэлсэн Азийн наадамд Монголын баг тамирчид “Тегеран-1974” наадмаас анхлан оролцож, 11 удаагийн тивийн олимпоос нийт 25 алт, 46 мөнгө, 91 хүрэл, нийт 162 медаль хүртсэн түүхтэй. Харин өргөн дэлгэр Ази тивийн 2022, 2026 оны спортын цэнгэл их баяр наадмыг Хятадын Ханжоу , Японы Аичи ба Нагоя хотууд хүлээн авна. Түүнээс гадна хуралд оролцогчид нь Сань-Яа- 2021 Азийн элсний спортын VI наадам , Бангкок-Чонбүри -2021 Азийн танхимын ба тулааны спортын VI наадам, Шаньтоу-2021 Азийн залуучуудын III наадам, Ханжоу-2022 Азийн XIX наадмын Зохион байгуулах хороод ба АОЗ-ийн 17 салбар комиссийн тайлан илтгэлийг хэлэлцэж, буcад тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцоно.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нарын төлөөлөгчид АОЗ-ийн цахим хуралдаанд оролцох ажээ. Ийнхүү энэ ерөнхий ассамблей хуралдаанаас 2030 оны Азийн наадам нь Персийн булангийн Катар, Саудын Араб улсын алинд нь болохыг сэтгэл догдлон хүлээсэн олон сая спорт сонирхогчдын таамаглалд эцсийн хариу өгөх юм.

МҮОХ мэдээлэв.