UFC 257: “Сагсуу шар”-ын ялагдал буюу Хабибын эргэн ирэх төлөвлөгөө бүтэлгүйтэв

1144

UFC 257-ын оргил тулаан Конор МакГрегор, Дастин Порье нарын өрсөлдөөнд ирланд эр сөхөрлөө.

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо байрлах “Тулааны арал” дээр UFC-гийн 257 дахь тулаан явагдлаа.

“Конор МакГрегор – Дастин Порье II” дахь тулаан гэдгээрээ онцлог энэ удаагийн тэмцээнд олон сонирхолтой тулаан гарсан юм. Эцсийн дүнд дөрвөн тулаанч тухайн өдрийн шилдгээр тодорч, урамшууллын мөнгө дээрээ нэмээд 50 мянган ам.доллар “халааслах” болов.

UFC-гийн мөнгөний машин гэгдэх “сагсуу шар” К.МакГрегор тулааны хоёрдугаар үед хүнд цохилтонд орсноор замналынхаа дөрөв дэх ялагдлаа амсаад дэвжээг орхилоо. Эхний үед тэр илүү олон оновчтой цохилт хийж, өрсөлдөгчөө дуусгаж ч болох байв. Харин Д.Порьегийн хувьд энэ үед хүнд цохилтонд оролгүй, өрсөлдөгчийнхөө хүчийг сулруулах тактиктай байлаа. Энэ нь ч амжилттай хэрэгжиж, К.МакГрегорын хөл рүү довтолсон тактикынхаа ачаар хоёрдугаар үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө яллаа. Тулааны дараа К.МакГрегор хөлөндөө бэртэл авч, таягтай ордоныг орхисон юм.

Энэ тулаанаас ОХУ-ын Хабиб Нурмагомедовын их спортод эргэн ирэх эсэх нь шийдэгдэх байлаа. Дана Уайт том мөнгөөр орос залууг эргэн авчрахаар төлөвлөж, чингэхдээ “Х.Нурмагомедов – К.МакГрегор II” тулааны сураг гаргаад байв. Харамсалтай нь, К.МакГрегор ялагдсанаар Хабибын эргэн ирэх нь талаар болж байна. Энэ талаар UFC-гийн босс Дана Уайт ч сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ.

Майкл Чандлер

Энэ үдэш Д.Порьегийн адил нэмэлт орлоготой харьсан бас нэгэн тулаанч бол Майкл Чандлер. К.МакГрегортой нэг жинд тулалддаг М.Чандлер “Беллатор” холбооны аварга юм. Энэ жил 34 настай, чөлөөт бөхөөр барилдаж явсан америк эр Д.Хүүкерийг эхний үед хүнд цохилтоор буулган авч UFC-д анхны ялалтаа байгуулав.

“Төмөр” хочит М.Чандлер тулааныхаа дараа энэ жингийн шинэ “Хаан” гэдгээ зарласан юм. Тэрбээр их спортоо орхиод удаагүй байгаа Хабиб Нурмагомедовыг тулаанд дуудсан. Тэрбээр “Хабибын 30:0 амжилт нь сүрдмээр юм. Гэхдээ энд эргэн ирээд чадвал намайг дийлээрэй” гэж “хатгаад” амжсан.


UFC 257-гийн үр дүн

  • Дастин Порье өрсөлдөгч Конор МакГрегорыг хоёрдугаар үед хүнд цохилтоор буулган авсан.
  • Майкл Чандлер өрсөлдөгч Дэн Хүүкерийг эхний үед хүнд цохилтоор ялсан.
  • Йоанн Калдервүүд өрсөлдөгч Жессика Айег оноогоор ялсан (30-27, 30-27, 29-28)
  • Махмуд Мурадов өрсөлдөгч Андрью Санчесийг гуравдугаар үед хүнд цохилтоор буулган авсан.
  • Марина Родригес өрсөлдөгч Аманда Рибасыг хоёрдугаар үед хүнд цохилтоор буулган авсан.
  • Арман Царукьян өрсөлдөгч Мэтт Фреволаг оноогоор ялсан (30-27, 30-27, 30-26)
  • Брэд Таварес өрсөлдөгч Антонио Карлос Жуниорыг оноогоор ялсан (30-27, 30-27, 29-28)
  • Жулианна Пена өрсөлдөгч Сара МакМанныг гуравдугаар үед боож ялсан.
  • Марсин Прачнио өрсөлдөгч Халил Роунтрий ЖР-ийг оноогоор ялсан (29-28, 29-28, 29-28)
  • Мовсар Эволев өрсөлдөгч Ник Лензийг оноогоор ялсан (28-29, 29-28, 29-28)
  • Амир Албази өрсөлдөгч Жалгас Жумагуловыг оноогоор ялсан (29-28, 29-28, 29-28)