МШХ-ны Удирдах зөвлөлийн ээлжит хурал

918

МШХ-ны Удирдах зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр буюу 2021 оны 03-р сарын 16-ны өдөр явагдлаа. Тус ээлжит хуралд МШХ-ны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн дарга Я.Санжмятав, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат, Удирдах зөвлөлийн 9 гишүүн, Гүйцэтгэх захирал И.Отгонбат нар биечлэн оролцсон бол Удирдах зөвлөлийн орон нутгийн төлөөлөл гишүүд цахимаар оролцлоо.

Гүйцэтгэх захирлаар ажилласан Г.Даваахүү МШХ-ны 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг тавьсан бөгөөд ажлын үр дүнг сайн болсон гэж УЗ-ийн гишүүдийн 100%-ийн саналаар үнэлэгдлээ.

Шинээр томилогдсон Гүйцэтгэх Захирал И.Отгонбат 2021 оны эхний хагас жилийн ажлын төлөвлөгөөг танилцуулж, дотоод болон олон улсын тэмцээн уралдааны хуваарийн төслийг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Тус төслийн хувьд Монгол Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу танхимын сургалтын үйл ажиллагааг 4-р сарын 1-нээс нээхээр төлөвлөж байсантай холбогдуулан гаргасан ч цар тахлын нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай холбогдуулан, Удирдах зөвлөлийн гишүүдийн санал хураалтын үр дүнд дараах шийдэлд хүрлээ.

Монголын Шатрын Холбооноос Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах асуудлыг УОК-оос тэмцээн уралдаан явуулахыг зөвшөөрсөн шийдвэр гарсан даруйд танхимаар зохион байгуулах хүртэл хойшлуулах, насанд хүрэгчдийн тэмцээнийг МШХ-ны тэмцээн уралдааны зөвлөлтэй зөвшилцөн, ДШХ-ны онлайн шатрын hybrid тэмцээний журмаар зохион байгуулахыг дэмжлээ.

МШХ-ны дэд хөтөлбөрт хамаарах цахим шинэчлэлийн хүрээнд БТСУХ-ноос хэрэгжүүлж буй цахим шинэчлэлийн ажлын талаар товч танилцуулга хийж, МШХ-ны цол зэргийн системийн шинэчлэлийн төслийн талаар УЗ-ийн гишүүдийн дунд хэлэлцүүлж, санал солилцлоо. Мөн Удирдах зөвлөлийн хүрээнд хэлэлцэх бусад тодорхой асуудлаар ажлын хэсгийг байгуулж, ажиллуулахаар боллоо.

МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО
GENS UNA SUMUS – БИД НЭГ ГЭР БҮЛ