Жүдо: М.Уранцэцэг Их Дуулгаас хамгийн олон медаль хүртсэн жүдоч боллоо

3616

Гүржийн Тбилиси хотод болж буй жүдо бөхийн Их Дуулга тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг алт, эрэгтэйчүүдийн 66 кг-д Г.Хэрлэн хүрэл медаль хүртсэн билээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д хэсгээ тэргүүлэн барилдсан М.Уранцэцэг гавьяат эхний даваанд хийлээд Италийн София Петитто, Румыний Моника Унгурену нарыг ялснаар хэсгээ тэргүүлсэн. Улмаар хагас шигшээд Словенийн Маруса Стангарыг, финалд Италийн Франческа Миланиг тус тус иппоноор илүүрхэж алтан медаль хүртлээ.

Ийнхүү Урнаа маань Их Дуулга тэмцээнээс долоо дахь алт, нийт 18 дахь медалиа авч, бас нэгэн рекорд тогтоов. IJF-ээс Дэлхийн цуврал тэмцээн зохион байгуулсан цагаас хойш Их Дуулга тэмцээнээс хамгийн олон медальд хүрсэн Словенийн алдарт жүдоч Тина Трстенякийн амжилтыг Урнаа нэгээр ахиулсан юм.

НЭРУЛСАЛТМӨНГӨХҮРЭЛНИЙТ
1. М.УранцэцэгМОНГОЛ76518
2. Тина ТрстянекСловен75517
3. Майра АгуарБразил55616
4. Мария Суелен АлтаменБразил53816
5. Идалис ОртисКуба36716
Их дуулга тэмцээнээс медаль хүртсэн тоогоороо тэргүүлж буй жүдочид

Их Дуулга тэмцээнд хамгийн олон алтан медаль хүртсэн жүдоч бол Японы Наохиса Такато. Өдгөө 27 настай, дэлхийн гурван удаагийн аварга Н.Такато нийт 13 медаль түүснээс 11 нь алт юм. Харин М.Уранцэцэг долоон алтан медаль зүүсэн амжилтаараа зургадугаарт жагсаж буй. Гэхдээ түүнтэй ижил амжилт үзүүлсэн зургаан жүдоч бий.

Сонирхуулахад, Их Дуулга тэмцээнээс 10 ба түүнээс дээш медаль, гурав ба түүнээс дээш алт хүртсэн өөр монгол жүдоч одоогоор алга. Урнаагийн амжилттай хамгийн дөхөж очих хүн бол Х.Цагаанбаатар. 2015 онд их спортоо орхисон Х.Цагаанбаатар нийт найман медальтай (хоёр алт, нэг мөнгө, таван хүрэл) юм.