Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гурав дахиа түрүүллээ

1699

Мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн болох Харү башё энэ сарын 14-28-нд боллоо. Тэмцээний сүүлийн өдөр секиваки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озеки Такакэйшо нар таарч барилдсан юм.

Гэмтлийн улмаас озеки цолоо алдаж, доод зиндаанаас эргэн ирсэн Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ хаврын тэмцээний сүүлийн өдөр гол өрсөлдөгч Такакэйшог ялснаар дээд зиндаанд гурав дахь түрүүгээ хүртлээ. Тэрбээр 2015 оны тавдугаар сарын башёд анх удаа эзэн хааны цомыг хүртсэн ч бэртлийн улмаас цолоо удаан хадгалж чадаагүй. Улмаар доод зиндаанаас эргэн ирж, өнгөрсөн оны долдугаар сарын тэмцээнд хоёр дахь түрүүгээ авч байв.

Өдгөө 29 настай Г.Ган-Эрдэнэ ирэх тэмцээнд озеки цолтой барилдах нь тодорхой боллоо.

Одоогоос зургаан жилийн өмнө зүүний секиваки цолтой байхдаа 12 даваагаар түрүүлж байсан амжилтаа өнөөдөр тэр давтав. Озеки цолтой 14 тэмцээнд барилдахдаа таван удаа кадабон буюу цолоо алдах аюулд унасны эцэст 2017 оны есдүгээр сарын башёг дундаас нь орхисноор цолоо алдсан билээ. Түүнээс хойш буюу 2018 оны долдугаар сарын тэмцээнээс 2019 оны нэгдүгээр сар хүртэл таван тэмцээн дараалан өнжсөн тул жонидан руу уруудсан юм.

Г.Ган-Эрдэнэ өнгөрсөн жилийн долдугаар сард дээд зиндаанд эргэн ирсэн анхны тэмцээндээ 13 даваатай түрүүлж, дараагийн тэмцээнд найм ялснаар арваннэгдүгээр сарын башёд комүсүби цолтой болсон билээ.